Холимог тулаанаар 7 орны шилдгүүд Улаанбаатарт хүчээ сорин тулалдана

Холимог тулаанаар 7 орны шилдгүүд Улаанбаатарт хүчээ сорин тулалдана

Холимог тулааны “MFC” холбооноос 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр “АСА Цирк”-т энэ жилийн анхны олон улсын тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулна.

Тэмцээний оргил тулаанд БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин, “MFC” холбооны хөнгөн жингийн аварга М.Нандин-Эрдэнэ, АНУ-ын “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар нар /70 кг-д/ тулалдах юм. Мөн энэ өдрийн дэд оргил тулаанд АНУ-ын “Dragon House”, Монголын “MGL-1” холбооны дунд жингийн аварга Д.Батсүмбэрэл, Японы тамирчин Такаяши Ямашита /77 кг-д/ болон “Ангууч” хочит Б.Баттөр, Японы тамирчин Таказүми Моритой /66 кг-д/ тус тус хүчээ сорин тулалдах юм.

Японы тулаанчдаас гадна АНУ, Ямайк, Тажикистан, ОХУ, Казахстанаас холимог тулааны шилдэг тамирчид ирнэ. Тухайлбал, “MFC-1” тэмцээнд оролцож байсан Казахстаны тамирчин Магомед Кабардиев дахин ирж, Э.Даваабаяртай тулалдана. Дагестан гаралтай Магомед нь “UFC”-ын аварга Хабиб Нурмагомедовтой ойрын хамаатан аж. АНУ-ын тулаанч Ламар Госи, монгол тулаанч Т.Ариунболдтой тулалдах саналаа өгсөн байна.

Мөн “MFC” холбоонд 2 ч ялалт байгуулаад амжсан А.Гантүлхүүр, 3-1 гэсэн амжилттай яваа Тажикистаны тамирчин Маруф Сафаровтой, БНСУ-ын “Road FC” холбоонд тулалдаж явсан Б.Бүрэнзориг, Ямайкийн Мэттью Колкүүнтэй, “MFC-1”-ийн оргил тулаанд манай тамирчин Б.Азжавхланг ялсан ОХУ-ын Тува улсын тулаанч Иргит Овээнчи, А.Тэмүүлэнтэй тус тус хүч үзнэ. “MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээний тасалбар ирэх долоо хоногоос худалдаанд гарах аж.