Хөнгөн цагааны үйлдвэрийн манаач ажилтныхаа аминд хүрчээ

Хөнгөн цагааны үйлдвэрийн манаач ажилтныхаа аминд хүрчээ

Өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр ЦЕГ-аас сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн билээ. Мэдээллийн үеэр 2019 онд 31524 гэмт хэрэг үйлдэгдсэн. Нийт гэмт хэргийн 44,7 хувь нууц далд аргаар үйлдэгддэг талаар мэдээлсэн. Харин хүнийг санаатай алах гэмт хэрэг өмнөх оныхоос даруй өссөн тоон үзүүлэлт гарсан хэмээсэн.

Он гарснаас хойш хэд хэдэн хүн амины хэрэг гарсан бөгөөд бага хүүхэд бусдын гарт амиа алдсан хэрэг дөрвөн удаа гарсан байна. Иргэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж улмаар гэмт хэрэг үйлдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бусдын аминд санаатай болон санамсар болгоомжгүйгээр хүрэх, гудамж талбайд осгож, хөлдөх, бусдад дээрэмдүүлэх зэрэг тохиолдол гарсаар байгаа юм.

Тухайлбал, Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах үйлдвэрт хүн амины хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, нэгдүгээр сарын 3-ны өдөр Хөнгөн цагааны үйлдвэрт хутгуулж нас барсан хүн байгаа талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэний дагуу хэргийн газрын үзлэг шалгалт хийжээ.

Шалтгалтаар Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 52 настай М.А г зүрхэн тус газарт нь хутгалан хөнөөсөн байжээ. Урьдчилсан байдлаар уг хэргийг тус Хөнгөн цагааны үйлдвэрт манаач ажилтай эрэгтэй 52 настай Ө.Э нь үйлдсэн болохыг тогтоосон байна. Сэжигтэн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ялих шалтгаанаас үүдэн маргалдаж улмаар амь хохирогчийн зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалан амь насыг нь бүрэлгэсэн байна. Цагдаа нарыг очиход хохирогч шархаа даалгүй амьсгал хураасан байсан ба тус үйлдвэрийн ажилтан байжээ. Хэргийн газраас мөрдөгч нар нийтдээ 38 ширхэг кадр зураг болон хар өнгийн 26см урттай хутга хураан авч нотлох баримтад хавсаргажээ.

Дээрх хэргийг одоогийн байдлаар Төв аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бусадтай маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэхгүй байх зэргээр өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.