ФОТО: “Цэцийн” Ж.Амарсанаа Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртлээ

ФОТО: “Цэцийн” Ж.Амарсанаа Б.Чимидийн нэрэмжит шагнал хүртлээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр /2020.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагналыг Үндсэн хуулийн цэцийн дарга асан гавьяат хуульч, академич Ж.Амарсанаад олгов.

Ж.Амарсанаа нь Улаанбаатар хотод 10 хүүхэдтэй айлын долоо дахь хүү нь болж мэндэлжээ. Ах дүүсийн хамтаар гал хөс түлж, үнс мод зөөн явсан хүү МУИС-д элсэн суралцаж хуульч боллоо. Сургуулиа төгссөн даруйдаа тэндээ багшаар үлдэн, оюутан залуустайгаа дуулж, бүжиглэн мөр зэрэгцэж явснаа тун удалгүй Тэнхимийн орлогч эрхлэгч, орлогч декан, Шүүх яамны хэлтсийн дарга, Хууль зүй арбитрын яамны газрын дарга болж дэвшив. Нийгмийн задрал, шилжилтийн үе буюу 1990-1992 онуудад Хууль зүйн сайдаар ажиллаж, анхны ардчилсан Үндсэн хууль батлагдахад Б.Чимид даргатайгаа мөр зэрэгцэн ажиллаж байж. Үүнээс хойш тэрбээр Үндсэн хуулийн цэцийн даргаар 20 гаруй жил ажиллаж, өдгөө төрийн бодлогын хэмжээний баримт бичгүүдэд оролцож, хойч үедээ эрдмээ өвлүүлэн үлдээх чиглэлд анхааран ажиллаж байна.

Харин өнөөдөр тэрбээр “хууль зүйн А үсгээ” заалгаж, удирдлага дор нь ажиллаж явсан Б.Чимид багшийнхаа нэрэмжит шагналаар шагнагдаж, энгэрээ цоолуулсан баярт мөч тохиолоо.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, академич Х.Нарангэрэл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ нар тус тус хүртэж байв.