Үнэгүй олгох утаа мэдрэгчийг тараах ХУВААРИЛАЛТ

Үнэгүй олгох утаа мэдрэгчийг тараах ХУВААРИЛАЛТ

Өнөөдрөөс /2020.01.13/ нийслэлийн зургаан дүүрэгт утаа мэдрэгчийг тарааж эхэллээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгийн хэлснээр эхний ээлжинд 20 мянган утаа мэдрэгч тараах аж. 

Утаа мэдрэгч тараах хуваарийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас гаргасан ба холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүсийн хяналт дор тараана гэв. Тодруулбал, 

  • Хан-Уул дүүрэгт 1285 өрхөд,
  • Баянзүрх дүүрэгт 5000 өрхөд,
  • Чингэлтэйд 3450 өрхөд,
  • Баянголд 1422 өрхөд,
  • Сонгинохайрханд 6933 өрхөд,
  • Сүхбаатар дүүрэгт 1902 өрхөд тараахаар тус тус хуваарилжээ. 

Хүн ам, өрхийн тооноос хамаарч дүүрэг бүрт харилцан адилгүй тоотой байгаа ба дүүргүүдэд утаа мэдрэгчийг ашиглах зөвлөмж, зааврын хамт хүлээлгэн өгчээ.

Утаа мэдрэгчийг өрх бүрт нэг удаа үнэ төлбөргүй өгөх ба  унтлагын өрөөндөө байрлуулах ёстой. 

Нийслэлийн агаарын чанарын хоёр, гуравдугаар бүсэд утаа мэдрэгч тараах ажлыг гүйцэтгэхийн тулд Европын стандартад нийцсэн утаа мэдрэгчийг БНХАУ-аас худалдаж авч байгаа. Нийт 200 мянган утаа мэдрэгч захиалсан бөгөөд нэг бүрийг нь 18.500 төгрөгөөр худалдаж авчээ. Өнгөрсөн долоо хоногт эхний ээлжийн 20 мянган мэдрэгч захиалгын дагуу ирснийг ийн тарааж эхлээд байгаа юм. 

Утаа мэдрэгч нь иргэдийг угаартахаас сэргийлэх ба угаар гэрт 30 ppm болсон нөхцөлд энэ дохиолол ажиллаж эхэлнэ. Угаарын хий 200 ppm болсон тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх талтай. Угаарын хий мэдрэгч улаан, шар, ногоон гэрэлтэй. Улаан гэрэл ассан тохиолдолд иргэд гэрийнхээ агаарыг сэлгэх ёстой. Ногоон гэрэл 30 секунд тутам асна. Шар гэрэл гэмтэл гарсан эсэхийг харуулах юм. Мөн тус мэдрэгч нь дуут болон гэрлэн дохиогоор анхааруулга өгөх ажээ.