"Тод Каннам" эмнэлгийн эмч, сувилагчийн хэргийг шүүхэд шилжүүлэв

"Тод Каннам" эмнэлгийн эмч, сувилагчийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Өдгөөгөөс есөн сарын өмнө Эрдэнэт хотын иргэн 30 настай О Улаанбаатар хотод байх Тод каннам эмнэлгээр үйлчлүүлж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач 168 см өндөр, 61 кг жинтэй байсан бөгөөд тус эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орсон юм. Харамсалтай нь хагалгааны үеэр үйлчлүүлэгчийн бие муудаж, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн, Эрчимт эмчилгээний тасагт 4 хоног эмчлүүлээд амиа алдсан.

"Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Уг эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагт товлосон байна.