Ц.Элбэгдорж: Хулгайчийг хулгайч л гэнэ ш дээ

Ц.Элбэгдорж: Хулгайчийг хулгайч л гэнэ ш дээ

Өнгөрсөн зургаадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээ буюу өөрийн твиттер хуудаснаа байршуулсан  байдаг. Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан юм.

Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзэж Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн гэж үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан. Тэгвэл өчигдөр Э.Бат-Үүлд холбогдох Ерөнхийлөгч Х.Баттулгын дагуу зөрчлийн хэргийг шүүхээр хэлэлцэх байсан ч Шүүгчийн бие муудсан гэх үндэслэлээр тус шүүх хурлын хойшлуулсан юм. Харин өнөөдөр Э.Бат-Үүлд холбогдох З.Энхболдын гомдлыг хэлэлцэх шүүх хурал болж байна.

Тэгвэл энэхүү маргаантай холбоотой байж болзошгүй нэгэн мэдээллийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа оруулжээ. Тэрээр “Надад ойлгомжгүй байдаг. Гүтгэлээ гээд албан тушаалтан шүүхэд хандахаар. Иргэнд нэр төр гэх өндөр ойлголт бий. Даргад бол үүрэг, хариуцлага. Албан тушаалтныг хардах, гүтгэж бодох, бодлоо илэрхийлэх бол бүх эрхийн эх. Иймгүй бол эрх гэх f...-аар яах юм. Хулгайчийг хулгайч л гэнэ ш дээ” гэжээ.