Х.Мандахбаяр: Манай сэтгүүлч рүү “Тоосго нисч ирээд хүн үхдэг шүү” гэж хоёр шөнө дугааргүй утаснаас дарамталсан

Х.Мандахбаяр: Манай сэтгүүлч рүү “Тоосго нисч ирээд хүн үхдэг шүү” гэж хоёр шөнө дугааргүй утаснаас дарамталсан

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ.

ТЭРБЭЭР:

Тост, Тосон бумбатай холбоотой мэдээлэл эхлээд өгье. Хоёрдугаарт Хотын даргаас 400 сая төгрөг шантаажилсан, гуравдугаарт хэвлэл мэдээллийн салбартай холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.

НЭГДҮГЭЭРТ

Тост, Тосон бумын сав газарт хууль бусаар олборлолт явуулж буй Чойжилсүрэн, ХХБ-ийн Эрдэнэбилэгийн эзэд нь болох компанитай холбоотой асуудалд сэтгүүлчид хараат бус байдлаар явж сурвалжилга хийсэн. 2017 оноос хойш би материал цуглуулж байсан бөгөөд өөрийн нутаг гэдэг утгаар хандаж хийсэн. Уг сурвалжилгыг хийхдээ би МСНЭ-ийн Ерөнхийлөгч гэдэг албан тушаалаар хандаагүй гэдгээ өмнө хэлсэн. Тосон бумба бол миний өвөг дээдсийн нутаг, энэ бол миний үүрэг. Би МСНЭ-ийн Ерөнхийлөгч байлаа гээд нутгаа худалдах ёсгүй.

Би хариуцлагатай уул уурхай гэх нээлттэй сурвалжилгын баг байгуулан, сэтгүүлчид сайн дураар явж сурвалжилга хийсэн. Тэдэнд би миний үгээр биш өөрсдийн үзэл бодлоор хандаарай гэж удаа дараа хэлсэн. Харамсалтай нь хамт явсан зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань ч сурвалжилгыг гаргах боломжгүй байх шиг байна. Би үүнийг ойлгож байна.  МХЕГ дээр асуудал булхай нь тодорхой байгаа. Үүнийг та бүхэн дэлгэч тавиач гэж хүсье. Хоёрдугаарт, Тосон бумбатай холбоотойгоор би өөрийн нэр дээр аймгийн МХ-ын газарт хүсэлт өгсөн, шинээр үүссэн нөхцөл байдлыг дурдсан.

Дайралт заналт хэрээс хэтэрсэн, надад ямар ч бизнесийн эрх ашиг байхгүй. Би нутгийн иргэний хувьд тэмцэж байгаа, би үүн дээр хатуу зогсоно.

ХОЁРДУГААРТ

Би хотын даргыг ямар нэгэн байдлаар шантаажлаагүй, 400 сая төгрөг нэхээгүй. Энэ хүн намайг Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрээ цээргүйгээр гүтгэлэг.

Амарсайхан дарга бид хоёр эртнээс бид бие биенээ мэднэ, найз нөхдийн харилцаатай гэж итгэж нөхөрлөж явсан үе бий. Би ТВ8 телевизийг энэ онд худалдаж авсан. Зүүн баян рейфанери ХХК-ийн бургасны талаар мэдээллийг сэтгүүлч Энэрэл бэлдэж тавьсны дараа уг телевизийг хаасан. Хаасных нь дараа надад телевиз шилжиж ирсэн. Ингээд би “Оюуны Ундраа” группын байранд өрөө түрээслэж суудаг байсан тул харилцаагаа муутгахыг би хүсээгүй учир ТВ8 телевизийг нээж өгөхийг эвтэйхнээр MNBC телевизээс гуйж байсан.

Хоёр хүний хоорондоо утсаар ярьсан зүйлийг MNBC тв дэлгэж тавьсан бөгөөд би ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүдүүлэг, зүй бус үгс хэлээгүй. Энэ яриаг дэлгэж тавина гэдэг дарамт надад үзүүлсэн бөгөөд хэрэв сэтгүүлч Энэрэлээр уучлалт гуйлгаж, хаалтын гэрээ хийхгүй бол уг бичлэгийг цацахын дээр, ТВ8 телевизийн эфирийг нээхгүй гэсэн. Одоог хүртэл нээгээгүй.

Үүнийг МСНЭ-ийн зүгээс ч тэр, бизнес эрхлэгч удирдлагын үүднээс ч тэр тэмцэх нь зүйтэй. Ийм учраас л өнөөдөр би тэр хүмүүсийн гүтгэлэг, дайралт дунд явж байна.

Бургасны мэдээ гарсны дараа манай сэтгүүлч рүү “Тоосго нисч ирээд хүн үхдэг юмшдээ” гэж хоёр шөнө дарамталсан, дугааргүй утаснаас залгасан. Үүнийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа, эзэн нь олдож л таараа.

ТА БҮХЭНД НЭГ ГЭРЭЭ ҮЗҮҮЛЬЕ

НЗДТГ-ын Мөнхбаатар гэдэг хүн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй Амарсайхан даргын өмнөөс хаалтын гэрээ байгуулж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой бизнесийн байгууллагатай, төрийн байгууллагатай гэрээ байгуулж болно. Тэр нь хуулийн дагуу байх ёстой бөгөөд, хуулиас давсан юм шаардаж болохгүй.

Тэр байгуулсан гэрээг олон нийтэд дэлгэвэл хариуцлага хүлээнэ гэдэг заалттай гэрээг хэвлэлийнхэнтэй байгуулсан. Би үүнийг нь мэдээгүй. Миний өөрийн эзэмшлийн Өглөөний сонин, Брикинньюс сайттай гэрээ байгуулсан юм билээ. Гэтэл манай zindaa.mn сайт дээр “Туулын бургасыг дахиад л сурвалжилах болно” нэртэй мэдээ гарсан. Үүний дараа манай эрхлэгчийн фэйсбүүк чат руу “Туулын бургасыг дахиад л сурвалжилах болно” гэдэг мэдээллийг илгээгээд “гэрээнд энэ тухай ч бас заасан байдаг” гэж заасан байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр “Би хүн шантаажлаагүй, хотын даргын хувийн бизнесийг улсын төсвөөр хэвлэл мэдээллийг шантаажилж байна” гэдэг нь харагдаж байна.Үүнийг иргэд мэдэх ёстой.

Нийслэлийн ЗД нийслэлчүүдийн мөнгөөр хувийн компанийнхаа бурууг хаацайлахаар хаалтын гэрээ хийсэн байна. Өөрийнх нь компаниудын талаар муу муухай мэдээлэл гаргаж болохгүй гэж заналхийлж, шантаажилж байна.

Дараагийн баримт

Амарсайхан гэдэг хүний ах Уламбаяр бид хоёрын мессеж. Би үүнийг та бүхнээс нуухгүй, угаас миний утсаар бичсэн яриа олон нийтэд дэлгэсэн. Тэр хүн ТВ8 телевизийг хууль бусаар хаасан гэдэг логик гарч ирнэ. Энэ хүн чөлөөт хэвлэлийг хаачихаад, Монголын хуулийг уландаа гишгэчихээд хүнийг ингэж дарамталдаг байна. 

Мөн С.Амарсайхан даргаас 400 сая төгрөг шантаажилсан гэх мэдээлэл байна. МСНЭ, НЗДТГ удаан жил тогтсон уламжлалын дагуу “Хараат бус үндэсний сэтгүүлзүй форум” тавдугаар сарын 03-нд болсныг та бүхэн мэдэж байгаа. Тэр форумыг зохион байгуулах ажлаар НЗДТГ-ын ХМОНХА-ны дарга Мөнхбаатар болон С.Амарсайхан дарга бас нэг мэргэжилтэнтэй дөрвүүлээ С.Амарсайхан даргын ажлын өрөөнд уулзсан. Энэ үеэр уг форумын төсөв, хөтөлбөр болон бусад зүйлс яригдсан, тэр үеэр Мөнхбаатар эхлээд өөрөө санал тавьсан. “Эвлэлийг тал бүрээр дэмжиж ажиллах боломжтой” гэсэн. Би харин С.Амарсайхан даргад эргүүлээд нэг л зүйлийг хэлсэн. “Сэтгүүлчийн ордон барих гээд байгаа юм, өмнө нь Мөнхбаатарын оронд ажиллаж байсан сэтгүүлч Дагиймаа, Батболд дарга бидэнд газрын асуудал шийдэж өгсөн юм. Та үүн дээр 74 саяын төгрөгийн газрын эхний татвар гэж байдаг юм байна, үүнийг та шийдээд өгөөч, Мөнхбаатар 400 сая төгрөг байдаг гэж хэлж байна гэхэд Амарсайхан дарга “Наадах чинь боломжтой хувилбар байна, наадахыг чинь судлаад шийдье” гэсэн. Би “Хэрэв та судлаад шийдэх юм бол ойрын үед шийдээд өгөөч, Би тавдугаар сарын 03-нд сэтгүүлчдэд бэлэг болгож өгөөч” гэсэн. Бидний хооронд ийм л юм болсон. Миний зөрүүлээд тавьсан асуудал бол Сэтгүүлчдийн ордны хажуухан талд дэд бүтэц нь ирчихсэн байгаа юм, манай газар дээр, тэр рүү дэд бүтэц тавиад өгөөч, тийм боломж байгаа юу” гэхэд “Иргэдийн хурлаар оруулаад шийдчих боломжтой юм байна, та нар өөрсдөө төлөөлөгчидтэй сайн ажиллаарай” гэсэн. Бидний хооронд ийм л яриа болсон, өөр ямар ч яриа болоогүй. Би барилга байшин шинээр барьж байгаа газар байхгүй, тийм юу ч байхгүй, улаан цайм гүтгэж байна. Би энэ үнэний төлөө үхэхэд бэлэн байна, энэ хулгайч нараас айхгүй. Би ийм итгэл үнэмшилтэй байна. Ийм хулгайч Хотын даргатай байж болохгүй.

Нэг бол Мандахбаяр, нэг бол хотын дарга худлаа ярьсан. Энэ хоёр хүний нэг нь хуулийн өмнө зогсож хариуцлага хүлээх ёстой биздээ.

Гуравдугаар баримт

Надруу 91911168 дугаараас залгасан Бадрал гэдэг хүний яриа бий. Над руу зүсэн зүйлийн дарамт шахалт, заналхийлэл, үр хүүхэд ижий аав, найз нөхөд рүү дайрсан. Энэ бичлэг дээр намайг хүүхэн хүчиндсэн гэх бичлэгийг Отгонбаярт зарах гээд яваад байна гэж дарамталж байгаа. Тийм юм байвал гаргаад тавиарай. Надад тийм ёс бус, хууль бус зүйл байхүй. Би MNBC кабелийн тв-ийн ажилтан руу ёс бус үг хэлж ярьсан нь үнэн. Хүнд яах ч аргагүй хашгирмаар санагддаг үе байдаг.

Сэтгүүлзүй худалдагдсан нь үнэн. Би МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд үнэнийг хэлье. Харамсалтай нь үнэн. Хэнийг ч хайрладаггүй, юуг ч хайрладаггүй ийм тогтолцоо бий болсон нь үнэн.

МУ-ын Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа, УИХ-ын даргаа хэвлэл мэдээллийг эрүүлжүүлэхээс ажлаа эхэлье. Би зогсохгүй.

Миний итгэж ирсэн хэвлэлийн эрх чөлөөг ингэж үнэгүйдүүлж байгаа учир би өнөөдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө. Харин Хотын дарга С.Амарсайхан та ч бас ажлаа өг.

Зүүнбаян рефайнери компанийн асуудал шийдэгдэх хүртэл, хядсан бургасаа сэргээхээс нааш Хотын дарга байх эрхгүй гэж үзэж байна. Үүнтэй шударга иргэд санал нийлэх байх гэж бодож байна. Та нараасаа хүсье “Надад итгээч”.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ