“МАКС” ГРУПП: Эмнэлэг болгох обьект одоогоор тодорхой болоогүй байна

“МАКС” ГРУПП: Эмнэлэг болгох обьект одоогоор тодорхой болоогүй байна

“Монголын топ 100” аж, ахуй нэгжийн нэг Макс групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн эзэмшлийн обьектуудуудаас нэгийг нь эмнэлгийн чиглэлээр ашиглуулах боломжтой гэх санаачлагыг гаргасан.

-БИДНИЙ САНААЧИЛГА АЖИЛ ХЭРЭГ БОЛОХ ЭСЭХ НЬ ЭРҮҮЛ
МЭНДИЙН ЯАМ БОЛОН ТӨРӨӨС ХАМААРНА-

Тодруулбал, тус группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар энэ сарын 14-ны өдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Хөгшид, хүүхдээ тэвэрсэн ээж эмнэлгийн коридорт хэвтэхийг харахаар сэтгэл зовниж байна. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, хувь нэмрээ оруулахад манай хамт олон бэлэн. Объект нь бидэнд байна. 45 хоногийн дотор эмнэлгийн зориулалттай 500 ор бэлэн болгох боломж бий. Мэдээж үйл ажиллагаа, халаалт, дулааны асуудал гээд тодорхой хэмжээнд түрээс, төлбөрийн асуудал яригдах байх. Ханиад томууны дэгдэлт 4 сар хүртэл үргэлжилнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80% нь томуу, томуу төст өвнөөс болж эмнэлэгт хэвтэж байна. Дараа жил дахиад л энэ асуудал яригдах нь ойлгомжтой. Санаачлагыг маань Эрүүл мэндийн салбарынхан анхааралдаа авна биз ээ” гэсэн юм.

“Макс” групп нь олон обьекттой бөгөөд яг аль барилгаа хэзээнээс эмнэлгийн зориулалтаар ашиглуулах боломжтой эсэхийг тус группийн хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн н.Пэлжидмаагаас тодруулсан юм.

Тэрбээр “Манай ерөнхийлөгчийн зүгээс санаачилга гаргасан. Одоогоор яг тэр обьектоо эмнэлэг болгоно гэж тодорхойлоогүй байна. Бид санаачилга гаргасан. Харин одоо төрөөс гаргах үйлдлийг хүлээж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яам бидний саналыг хүлээж аваад эмч, сувилагч зэрэг ажиллах хүчин болон бусад асуудлаар дэмжлэг үзүүлнэ гэвэл байраа ашиглуулахад хэзээд бэлэн байгааг хэлье. Энэ бол санаачилга. Байр бэлэн. Санаачилгыг ажил хэрэг болгох  нь Эрүүл мэндийн яам болон Засгийн газраас хамаарна. Өнөөдрийн байдлаар бидний зүгээс Эрүүл мэндийн яаманд албан хүсэлт хүргүүлээгүй байна” гэсэн юм.

“Макс” группийн ерөнхийлөгч  Д.Ганбаатар нь амжилттай бизнесийн түүхээ бүтээсэн хүн. Тэрбээр барилга, худалдаа, түргэн хоол болон хэвлэлийн мэдээллийн салбарт  бизнес эрхэлдэг. Мөн хурдан морь сонирхдог. Түүний морьд Монголоос гадна АНУ-д уралддаг. АНУ-д маш амжилттай морь нь маш амжилттай уралдаж, Монгол орон, монгол хүмүүсийн тухай тус улсад тодорхой хэмжээний мэдээлэл өгч чадсан. Д.Ганбаатар энэ амжилтаа Монгол уяачийн ур ухаантай холбодог билээ. Ажилчдаа байрны урьдчилгаагаар урамшуулахаас эхлээд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд чимээгүй ажил хийдэг тэрбээр энэ удаа өөрийн хөлс, хөдөлмөр, хөрөнгөөр бүтээсэн барилгуудынхаа нэгийг ЭМНЭЛЭГ болгоно гэсэн санаачилгыг дэвшүүлсэн нь олон хүний талархлыг хүлээгээд байна.

Харин энэ санаачилгыг ажил хэрэг болгох нь төрөөс хамаарна. Обьектыг ортой нь бэлдээд өглөө. Харин төр менежментээ оруулж чадах уу.