ТОДРУУЛГА: Угаарын хийд ханиа алдсан бүсгүй ХҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байна

ТОДРУУЛГА: Угаарын хийд ханиа алдсан бүсгүй ХҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнгөрсөн аравдугаар сараас нийслэлийн гэр хорооллын 200 мянган айл өрхөд сайжруулсан шахмал түлшийг борлуулж эхэлсэн.

Түүхий нүрсийг тас хорьж оронд нь шахмал түлшийг түгээж эхэлсэн цагаас л иргэд гэртээ угаарын хийд хордох улмаар амь насаа алдах харамсалтай үйл явдал өнөөдрийг хүртэл гарсаар байна.

-УГААРТСАН ИРГЭНИЙ АР ГЭРИЙНХЭН: БИД ОДООГООР
УГААР МЭДРЭГЧИЙГ ОЛЖ ХАРААГҮЙ -

Зуух, яндангаа сайжруулах улмаар түлшийг хэрхэн түлэх зааврыг иргэдэд урьдчилж өгөөгүйн улмаас шахмал түлшийг борлуулж эхэлсэн эхний өдөр гэхэд л 30 гаруй иргэн угаарын хийд хордож эрүүл мэндээрээ хохирсон билээ. 

Түүнээс хойш  угаарын хийд хордсон 12 иргэн амиа алдаж /хэвлэлд мэдэгдсэн тоо/, 200  орчим хүн  эрүүл мэндээрээ хохироод байгаа юм.

Эрдэнэт хүний амь нас эрсдэж, иргэд нь эрүүл мэндээрээ хохирсоор байхад Засгийн газрын тэргүүн нь, Хотын дарга нь, холбогдох албан тушаалтнууд нь нэг ч удаа уучлалт гуйсангүй. Тэдний хэн нь ч нөхөн төлбөрийн талаар ярьсангүй, дор бүрнээ таг чиг, нам нүм.

Тэднийг амиа хоохойлж суух зуурт нас барсан иргэдийн тоо нэмэгдсээр байна.

Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн  25-р хороонд гэр бүлийн хоёр угаарын хийд гүн хордож нөхөр нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

-ХОРДЛОГЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧ, АЖИЛЧИД УГААРТСАН
БҮСГҮЙН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАВ-

Харин эхнэр нь үхэх, сэхэхийн заагт Хордлогын үндэсний төвд эмчлүүлж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эхнэрийнх нь бие маш муу Хордлогын үндэсний төвд хүргэгдсэн бөгөөд одоогоор Сэхээн амьдруулах тасагт ухаангүй байгаа аж.

Харин ар гэрийнхэн охиноо ухаан орохгүй бол яаанаа хэмээн түгшиж сууна.

Бид уг хэргийг тодруулахаар Цэргийн Төв Эмнэлэгийг зорьсон юм. Бүсгүйн биеийн байдлын талаар эмнэлэгийн эмч, ажилчдаас асуусан боловч мэдээллийг ихэд нууцлан “Угаартсан эмэгтэй ирээгүй” гэх тайлбарыг өгөв.

Тэдний уг хандлага өмнө нь хордсон иргэдийн мэдээллийг ч нууцалж байсан уу гэсэн хардлагыг бидэнд төрүүлж байлаа.

Харин хохирогчдын ар гэр хүлээн авах өрөөнд байсныг бид олж уулзан тодруулга авах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тэдний хувьд угаар мэдрэгчийг огт олж аваагүй байсан гэдгийг л учирлаж байлаа.

Ямартай ч угаартсан эмэгтэй 15-16-нд шилжих яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэн ирж одоогоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт таван хүн угаарын хийн хордлогын эмчилгээг хийлгэж байна.

Хэрвээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын захирамж хугацаандаа хэрэгжиж, С.Амарсайханы ажилчид угаар мэдрэгчийг хугацаа алдаж удаалгүйгээр хоёр сарын өмнө тараасан бол залуу хос ингэж хохирохгүй байлаа.

Үгүй байг гэхэд, хоёр хоногийн өмнө тараасан бол залуу гэр бүл ийм хагацал үзэхгүй байв.

Гэтэл сайжруулсан шахмал түлшний талаар цаг үеийн мэдээлэл өгдөг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэвлэлийнхний өмнө хээв нэг “Залуу хос яндангаа авч, өрхөө бүтээсэн байсан” гэж ярьж сууна.

Үүний өмнө гуравхан настай охин ээжийнхээ мөөмийг хөхөж унтаад сэрээгүй. Хичнээн хүүхэд, хүний амиар утаанаасаа салах вэ Ерөнхий сайдаа, Хотын даргаа!!!

Н.АНУ