Э.Оюунболд: Би удахгүй барилдана

Э.Оюунболд: Би удахгүй барилдана

2019 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допингийн асуудалд холбогдсон. Иймд Улсын баяр наадам зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргаж, тус саналаа Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа билээ. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга түүний цолыг хураах эсэх талаар шийдвэр гаргах учиртай.

Харин Э.Оюунболд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Төв аймгийн Угтаалцайдам суманд болсон “Атар газар эзэмшсэний 60 жилийн ой”-д зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаанд барилдаж түрүүлсэн нь улсын баяр наадмаас хойш анх удаагаа олны өмнө гарч барилдсан тохиолдол болсон юм.

Тэгвэл тэрээр Өдрийн сонин өнөөдрийн дугаарт “Миний нэр төрд халдсан, над руу залгаж дарамталж байсан хүмүүстэй цаашид хатуу тэмцэнэ. Наадмын өмнө над руу утсаар залгаж “Чамаас заавал допинг илрүүлнэ” гэж заналхийлж байсан удаатай. Би удахгүй барилдана” гэж тодруулга өгчээ.