Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой

Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой

“Харааны шилийг байнга зүүвэл хараа мууддаг эсрэгээрээ тогмол зүүж байж хараа сайжирдаг аль эсвэл хүүхдэд багаас нь шил зүүлгэж харааг нь тогтоох нь зөв” гэх мэт үнэн, худал нь мэдэгдэхгүй яриаг та сонсож байсан уу. Тэгвэл бид харааны шилний хэрэглээний талаар мэргэжилтнүүдээс тодрууллаа.

“МОНГОЛЫН НҮДНИЙ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГИЙН СУДАЛГААГААР
ЕБС-ИЙН СУРАГЧДЫН 15-20
% НЬ ХАРААНЫ ШИЛ ЗҮҮДЭГ ГЭЖЭЭ-

“Сity optic” хараа зүйн төвийн хараа зүйн зөвлөх Б.Халиун

-Харааны шил хийлгэхээр танай төвд хандсан хүмүүс голчлон хэдэн настай байна вэ?

-Бүх насныхан ирж үйлчлүүлдэг. Сүүлийн үед техник, технологийн хэрэглээнээс болоод бага насны хүүхдүүд ч харааны шил хийлгэх болсон.Техник технологиос гадна хотжилттой холбоотойгоор хүмүүсийн холын хараа их муудах болсон.

-Хараа муудалт хүүхдэд удамшдаг гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?

-Ер нь хүүхэд ойрын хараа муутай төрдөг. Том болох тусам хүүхдийн нүдний алим сунаж томорсноор ойрын хараа ямар нэгэн эмчилгээгүйгээр зүгээр болдог. Харин гадаад орчны нөлөөлөл болон удамшилттай холбоотойгоор холын хараа муудах магадлалтай. Мөн эцэг, эхийнх нь аль нэг нь эсвэл хоёулаа хараа муутай бол удамших магадлал илүү өндөр байдаг.

Мөн бид энэ талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Нүдний Эмч Д.Энхзулаас тодруулсан юм.

“ХАРААНЫ ШИЛГҮЙГЭЭР 60-70 ХУВЬ ХАРЖ ЧАДАЖ БАЙВАЛ
ТОГТМОЛ ЗҮҮХ ШААРДЛАГАГҮЙ-

-Харааны шилийг тогтмол зүүх хэрэгтэй юу, аль эсвэл шаардлагатай үед л зүүх хэрэгтэй юу?

-Тухайн хүний харааны чадамжаас шалтгаалдаг. Харааны шилгүйгээр 60-70 хувь харж чадаж байвал заавал тогтмол зүүх шаардлагагүй. Харин ном унших, жолоо барих, хичээл хийх үедээ зүүж болно. Хэрэв шилгүйгээр орчныг харах чадамж нь 20-30 хувь байвал  тогтмол зүүж хараагаа тогтворжуулах хэрэгтэй. Иргэдийн дунд түгээмэл байдаг нэг буруу ойлголт нь шилний харах хэмжээ бага байх тусам сайн гэдэг. Гэтэл шилний хэмжээнээс биш нүдний харах чадамж хэр байна вэ гэдэг нь чухал. 

-Хүүхэд харааны шилийг тогтмол зүүх хэрэгтэй юу?

-Хүүхэд өсөх тусам нүдний дагуу тэнхлэг уртсаж байдаг учраас хараа тогтворгүй байдаг. Тиймээс хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулж, эмч харааны шил зүүх шаардлагатай гэвэл тогтмол зүүлгэх хэрэгтэй.

Сүүлийн үед охид, залуус харааны болон гоёлын линз ихээр зүүх болсон. Энэ өөрөө хэр зөв хэрэглээ вэ?

-Залуус линзийг зүүхдээ удаан хугацаагаар зүүх, линзтэйгээ унтах гэх мэт түгээмэл алдаануудыг гаргадаг. Линзийг удаан зүүснээр нүдний агаар нэвтрүүлэх чадвар муудаж, хуурайшдаг. Линз маш олон төрөл байдаг. Тиймээс  линз авахаас өмнө агаар нэвтрүүлэх чадвар, хатуу зөөлөн нь хэр байна, хаана үйлдвэрлэгдсэн зэргийг онцгой анхаарч хэрэглэх зааврыг нь сайн мөрдөх нь чухал юм.

-Тэгвэл бид өдөр тутамдаа хараагаа хэрхэн хамгаалах вэ?

-Хамгийн түрүүнд урьдчилан сэргийлэх нь чухал юм. Дээр дурдсанчлан хүүхдийн харааг зургаан сар тутам шалгуулж байх хэрэгтэй. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч хараагаа тогтмол үзүүлж байх хэрэгтэй. Мөн  харанхуй орчинд утас компьютер ашиглах, бичиг цаасны ажил удаан хугацаагаар хийх нь нүдний болорыг удирддаг булчингуудыг хөдөлгөөнгүй болгодог. Тиймээс нүдний дасгал тогтмол хийж, нүдээ амрааж байх хэрэгтэй. Бид аливаа мэдээллийн 70-80 хувийг нүдээрээ хүлээн авдаг. Тиймээс хараа нэгэнт муудсан бол эмчид үзүүлэн тохирох шилийг тогтмол зүүж нүдээ хайрлан хамгаалахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Б.САРАНГЭРЭЛ