СОНГУУЛЬ 2020: Г.Мөнхцэцэг, Д.Дамба-Очир нар Говьсүмбэрийг Дундговьтой нэгтгэн нэр дэвшихээр лоббидож явна

СОНГУУЛЬ 2020: Г.Мөнхцэцэг, Д.Дамба-Очир нар Говьсүмбэрийг Дундговьтой нэгтгэн нэр дэвшихээр лоббидож явна

2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой тэр дундаа тойрог, мандатын хуваарилалтын талаарх мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ.  Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тойрог байгуулах, тойргийн мандатын тоог тодорхой болгох асуудлыг ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-аар батлах ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх бүгд тодорхой болоход долоо хоногийн хугацаа үлдээд байгаа юм.

-Г.МӨНХЦЭЦЭГ ДОРНОГОВЬ АЙМАГТ ОЧИХ НҮҮРГҮЙ БОЛСОН УУ-

Нэгэнтээ хугацаа тулсан учир горилогчид сонгуулийн тойрог, тойргийн мандатад анхаарал хандуулж, өөрсдийн нөөц бололцоогоо урьдчилан тооцож, энд тэнд уулзалтууд хийж, лобби хүртэл зохион байгуулж байна гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Дорноговь, Говьсүмбэр аймгаас анх удаагаа УИХ-д сонгогдсон яруу найрагч Г.Мөнхцэцэг, Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой нийлж Говьсүмбэр, Дундговь аймгийг сонгуулийн нэг тойрог болгож, хоёр мандаттай болгохоор зүтгэж байгаа аж.

Тэдний лобби ч хүчийг авч УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын сонгуулийн хуульд олон мандаттай тойрог гэж заасан. Тэгэхээр тухайн тойрогт хоёр буюу түүнээс дээш мандаттай байна гэсэн үг. Тухайн тойрогт хэдэн мандаттай байхыг хүн амын тоо, төвлөрлийг тооцон гаргах ёстой. Цөөн хүн амтай аймгууд бий. Жишээлбэл Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгээд хоёр мандаттай тойрог болгомоор байгаа юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нь 2016 онд Говьсүмбэр аймаг болон Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах болон Өргөн сумын ард иргэдийг төлөөлөн УИХ-д сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд нутагтаа дорвитой ажил хийж чадаагүй тэрбээр энэ удаа Дорноговь аймгаас зай барьж, Дундговь аймгийг налахаар шийджээ. Хийсэн ажилгүй, баталсан олигтой хуульгүй гэх шүүмжлэлд байнга өртдөг тэрбээр  өөртөө зориулж шинэ тойрог бий болгон тийшээ зүглэхээр хөөцөлдөж байгаа энэ бололтой.

Ингэхдээ мөн л тойрогтоо хийсэн ажилгүй, дахин эрдэнэтчүүдээс санад авах боломжгүй Д.Дамба-Очиртой нэгдэн Говьсүмбэр, Дундговьд нэр дэвшихээр зүтгэж байна. 

Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог тогтоох бүрт Говьсүмбэр аймгийн асуудал яригдаж, Дундговь, Дорноговиос сонгогдох гэсэн горилогч нар булаалдаж байгаа нь говьсүмбэрчүүдийн эрх ашгийг үл хүндэтгэсэн явдал юм. Үр дүнд нь Говьсүмбэр аймгийн ард иргэдийн дуу хоолой төрд хүрч чадахгүй, орон нутгийн нийгэм-эдийн засгийн байдал сайжрахгүй байна.

Сонгуулийн тойргийг зөв зурж, мандатын тоог нэмэгдүүлж чадвал сонгуульд ялалт байгуулж, УИХ-д сонгогдох боломжтой байдаг. Энэ дагуу сонгуульд хүч үзэхээр горилж буй эрхмүүд нэг аймгийн ард иргэдийн итгэл үнэмшил, орон нутгийн хөгжил цэцэглэлтээр наадаж болохгүй.  

2016 онд Дорноговь, Говьсүмбэр аймаг нэг тойрог болж, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг нар сонгогдсон юм. 2016 оны сонгуулийн өмнө тойргийн хуваарилалт дээр мөн Говьсүмбэр аймгийг Дорноговиос салгаж, Дундговьтой нэгтгэхээр санаархсан ч төдийлэн дэмжлэг аваагүй ч энэ удаа дахин ярьж байгаа нь энэ аж. Ташрамд дурдахад, Говьсүмбэр нь 1994 оноос хойш Дорноговьтой нэг тойрог болж ирсэн билээ.

 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө