Ч.Тунгалагтуяа: "Асралт Хайрхан" ууланд гарсан анхны тэргэнцэртэй иргэн болсондоо баяртай байна

Ч.Тунгалагтуяа: "Асралт Хайрхан" ууланд гарсан анхны тэргэнцэртэй иргэн болсондоо баяртай байна

“Амьдралыг тань өөрчлөх ид шидийг хүлээх хэрэггүй. Учир нь та өөрөө ид шидийг бүтээгч юм”. Энэ үгний биелэл болсон бүсгүй бол Ч.Тунгалагтуяа. Туялзуур сэлмээр хичээллэгч, уран зураач, Асралт Хайрханы оргилд гарсан Монголын анхны тэргэнцэртэй бүсгүй. Интернетээс Тунгалагтуяа гэж хайлт хийхэд түүнийг тодорхойлох эдгээр үгсийг та хамгийн түрүүнд олж харах байх. Харин бид энэхүү ярилцлагаараа түүний үзэл бодол, дотоод ертөнц рүү өнгийхийг хичээлээ.

“Бие махбод маань эрүүл биш ч хүсэл мөрөөдөл, оюун санаа минь эрүүл” хэмээн эрч хүчээр дүүрэн, инээмсэглэн ярих түүний үзэл бодол, туулсан амьдрал, биелсэн болоод биелүүлэхээр зүтгэж буй хүсэл мөрөөдлөөс уншигч та ухаарлыг олох нь лав биз ээ.

-АНХ УУЛАНД АВИРНА ГЭХЭД ЭЭЖ  МААНЬ “БИТГИЙ ДЭМИЙРЭЭД БАЙ.
ХӨЛДӨЖ ҮХЭХ ГЭЭ ЮУ ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН”-

-Асралт Хайрханы оргилд гарсан тэргэнцэртэй бүсгүй гэдгээр тань хүмүүс танийг илүү таних болсон. Тэгвэл Тунгалагтуяа гэж хэн бэ. Өөрийгөө уншигчдад танилцуулаач?

-Намайг Тунгалагтуяа гэдэг. 2017 онд СУИС-ийг зураач мэргэжлээр төгссөн. Ой найман настайдаа хөгжлийн бэрхшээлтэй болоод өсвөр насандаа түгжээтэй гэрт үлддэг хүүхэд байлаа. Хүүхэд нас маань хөгжлийн бэрхшээл дунд яаж өнгөрснийг яс махаараа мэдэрсэн болохоор, оюутан байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж зургийн дугуйланг явуулж эхэлсэн. Одоо “Сайн Найз” хэмээх төвд хүүхдүүдэд зургийн хичээл заадаг.

-Асралт Хайрханыг зорих болсон шалтгаан юу байв. Юу таныг тийш нь хөтөлсөн бэ?

-Монгол, Оросын уулчдын хамтарсан  Мөнхсарьдаг уулын хойд, урд талаас нь авирах төсөл хэрэгжихээр болж Монголын Уулчдын Үндэсний Холбооноос Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоонд санал тавьсны дагуу сонгогдсон. Мэдээж уулчдын зүгээс тодорхой хэмжээний шалгуур тавьж байсан. Тувагийн Мөнх Сарьдагт авирч байгаа хүн эмэгтэй учраас юун түрүүнд эмэгтэй хүн байх ёстой. Үүрч явах учраас жижигхэн биетэй байх, мөн ачаалал даах, хариуцлага хүлээх, хувийн асуудлаа өөрөө зохицуулж чаддаг байх гэх мэт шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй гэсэн. Бас нуруу нугасны гэмтэлтэй хүн даарснаа мэдрэхгүй учраас осгох магадлалтай байдаг. Харин миний хувьд хөл маань бага зэрэг мэдэрдэг л дээ. Ингээд л “Тунгаа” чи яг тохирох хүн байна гэж намайг сонгосон. Нөгөөтэйгүүр, би энэ оргилд гарахыг маш их хүссэн. Хүслийг маань биелүүлж намайг сонгосонд үнэхээр баярлаж байгаа.

-Гэр бүлийнхэн тань анх ууланд авирна гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх ууланд авирна гэхэд ээж  маань “Битгий дэмийрээд бай. Хөлдөж үхэх гээ юу гэж хэлж байсан”. Бэрхшээлийн онцлогоосоо болоод маш хурдан даарч, бээрдэг болохоор багаас минь л дулаан байлгахыг хичээж, аль болох өвөл гэрээсээ гаргадаггүй байсан юм. Тэгээд л ээжийгээ бага багаар ятгаж эхэлсэн дээ. Маргааш өглөө нь ээж “За, за миний хүү яваад үз” гэж хэлсэн. Ээж маань намайг бүхий л талаар дэмждэг.

-Бусад хүмүүс хэрхэн хүлээн авав. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй гэхээр л гэртээ байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт байдаг шүү дээ?

-Эерэг, бахархсан сэтгэгдлүүд маш их байсан. -Эсрэгээрээ өөрийгөө ч зовоогоод өрөөлийг ч зовоогоод гэртээ дулаан сууж байхгүй дээ” гэсэн сэтгэгдлүүд ч байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн тэргэнцэртэй тушагдчихсан байх ёстой юм шиг хандлага их байдаг. Харин би тэргэнцрээсээ давж сэтгэх ёстой л гэж боддог.

-Ууланд авирахаас өмнө “би чадах болов уу” гэсэн айдас байв уу. Эгц цавчим, хадтай хайрхан шүү дээ?

-Хамгийн сонин нь би ерөөсөө айгаагүй. Харин маш их догдолсон. Догдолсноосоо болоод хэдэн хоног унтаж чадаагүй. Яагаад айдас төрөөгүй гэхээр дараа нь харамсах зүйл хиймээргүй байсан юм. Бас залуу насан дээрээ олон зүйлийг хийж үзмээр байсан. Нөгөө талаар туршлагатай уулчидтай хамт авирах учраас айдас төрөөгүй.

-Өвлийн улиралд ууланд авирна гэдэг амаргүй даваа. Замаасаа шантрах үе гарсан уу?

-Урьд нь ээжтэйгээ ууланд авирч байсан л даа. Бас “Сайн найз” төвийнхөнтэйгөө Өмнөговийн Хонгорын элс рүү гарч байсан юм. Тиймээс намайг үүрч явах ямар хэцүүг  мэднэ. Гэтэл бүхэл бүтэн дөрөв, таван цагийн турш эгц дээш, огцом хадаар намайг авч яваа уулчдыг хараад тэдний итгэлийг алдахгүй юмсан гэж л их хичээсэн. Тийм болохоор ерөөсөө шантраагүй.

-Уулруу гарах бэлтгэлээ хэр хангасан бэ?

-Уул руу авирахаас өмнө надад өмсөх тусгай куртканаас эхлээд олон зүйл хэрэгтэй болсон. Харин би хэн нэгнээс хандив тусламж авахыг үнэхээр хүсээгүй. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр л халамж авах ёстой юм биш. Тиймээс өөрийн зургуудаа зарж эхлэхээр шийдсэн. Залуу уран бүтээлч учраас зурагнуудад маань алдаа, оноо бий. Гэхдээ миний зурсан зургуудыг нэг хүний сэтгэл шингэсэн уран бүтээл гэдэг утгаар үнэлэхийг хүсдэг.  Удахгүй Мөнхсарьдаг Хайрханыг зорих бэлтгэлээ хийх учраас зурагнуудаа зарах бодолтой байгаа.

-Оргилд гарах ямар байв? Төсөөлсөн шиг байв уу?

-Яг л зүүдэлж байгаа юм шиг уул, үүл нь нийлэлдсэн үнэхээр сайхан дүр зураг угтсан. Авирч байхад шуургатай, цаг агаар муу байсан ч оргилд гарахад хаврын өдөр шиг л цэлмэг байсан. Тэр сайхан дүр зургийг тархиндаа хадгалаад хэзээ ч мартмааргүй тийм л сайхан. Оргилд гарах үед хүмүүс надад баяр хүргээд байсан. Эсрэгээрээ би л тэдэнд баяр хүргэмээр санагдсан шүү. Уулчид маань миний мөрөөдлийг биелүүлэхэд тусалж байна гэж хүлээж авч байгаа нь үнэхээр мэдрэгдэж байсан. Анх санааг нь гавъяат уулчин Өсөхбаяр гаргасан ч бусад хүмүүс зүгээр туслая гээд л хүрээд ирсэн. Хэн ч тэднийг хүчлээгүй. Монголын уулчид ямар гоё эв найрамдалтай, багаар ажиллах чадвартай, халуун зүрхтэй гэдгийг тэр үед мэдэрсэн дээ.

-БИ АМЬДРАЛДАА НЭГ Ч ӨДӨР УЙДАЖ ҮЗЭЭГҮЙ-

-Яриагаа таны ажил, мэргэжлийн талаар үргэлжлүүлье гэж бодлоо. Та зураач хүн шүү дээ. Уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьдог вэ?

-Үйл хөдлөл, үг яриагаараа хэлж чадахгүй байгаа зүйлээ л илэрхийлэхийг зорьдог доо. Би өөртөө л зориулж, юу хэлэхийг хүссэнээ л зурдаг. Тунгаа гэдэг хүн байхгүй болчихвол хүмүүс миний үзэл санааг зурсан зурагнуудаас минь хараасай гэж хүсдэг. Хоолоо олж идэхийн тулд бусдад таалагдах зураг зурж болох ч би өөрийн мэдрэмж, үзэл санааг илэрхийлж өөртөө зориулж зурдаг.

-Зураг зурна, туялзуур сэлмээр хичээллэнэ, миссийн тэмцээнд орно, ууланд авирна. Энэ их ажлыг яаж амжуулдаг юм бэ?

-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хийх юмгүй уйддаг байхдаа” гэж хүмүүс их хэлдэг. Би амьдралдаа нэг ч өдөр уйдаж үзээгүй. Хэсэг би бүх зүйлийг орхиод зөвхөн зурагтаа л төвлөрч үзсэн. Гэтэл үнэхээр чадахгүйгээ ойлгосон л доо. Би тийм л хүн юм байна лээ. “Олон юмны хойноос үсчлээ” гэж хэлэх хүмүүс байдаг. Гэтэл яг дэрвэж, дэгдэх насан дээрээ гаднаасаа цоожлогдоод өсчихсөн болохоор ч тэр юм уу, олон зүйлийг хийж үзмээр санагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийгөө илэрхийлэх нь хамгийн чухал. Дараа нь харамсахгүйн тулд олдсон боломжийг алдмааргүй байдаг. Магадгүй болохгүй, бүтэхгүй гэсэн болгоны эсрэг болгох, бүтээх гэж хичээсэн зөрүүд зан маань намайг энд хүргэж, өнөөдрийн Тунгааг бүтээсэн гэж би боддог. Харин уулруу авирахдаа би тунчиг дуулгавартай байсан. Яагаад гэвэл уулын спортод би шинэхэн зочин шүү дээ.

 -МИНИЙ ТУУЛСАН БАГА НАСЫГ ӨӨР ХҮҮХДҮҮД ТУУЛЖ БАЙГАА ГЭЖ
БОДОХООР ЗҮГЭЭР СУУХ ЭРХ БАЙХГҮЙ ЮМ ШИГ САНАГДДАГ-

-Олон зүйлийг хийх тусмаа та олон хүнд нөлөөлж, олон хүний үзэл бодлыг өөрчилж чаддаг байх. Таны нийгэмд хамгийн хэлэхийг хүсдэг үг юу вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудал манайд үнэхээр орхигдож байна. Миний бодлоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарыг илүү дэмжих хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЕБС-ийн сургуульд сурлаа гэхэд бэрхшээлээсээ шалтгаалаад дүн тааруу гарч, ангийн дүнгээс доош татчихдаг юм байна лээ. Тэгээд л багшийн цалингаас хасчихдаг. Харин дүнгээс илүүтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгааг нь голчлон урамшуулал цалин нэмж олговол багш болгон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахыг хүснэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд заавал онц сурахаас илүүтэй нийгэмших нь чухал. Миний туулсан бага насыг өөр хүүхдүүд туулж байгаа гэж бодохоор зүээр суух эрх байхгүй юм шиг санагддаг. Туялзуур сэлмээр хичээллэж байгаа маань ч үүнтэй холбоотой. Тамирчин гэдэг утгаар өөрийгөө хөгжүүлэхээс илүүтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энэ спортоор хичээллүүлж, өөрөө бэлдэх юм шүү дээ.

-Тунгалагтуяа гэх энэ эрч хүчтэй эмэгтэйг юу хөглөдөг юм бэ?

-Энэ сэдэв миний хамгийн дуртай сэдэв. Намайг анх дугуйлан хичээллүүлж эхлэхэд гар нь саажилттай нэг хүүхэд “-Би харандаа хэзээ ч барьж чадахгүй, харин та нарт онигоо ярьж өгөөд сууж байя” гэдэг байсан. Би ч зөвшөөрч охинтой ярилцсаар байгаад зуруулж эхэлсэн. Гэтэл тэр хүүхэд өнгөрсөн жил Солонгост болсон “Олон Улсын Хүүхдийн Уран Зургийн Уралдаан”-аас тусгай байрын шагнал авсан. Бас өнгөрсөн сард Хятадад болсон уралдаанд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлсэн. Өөр нэг хүүхэд анх манай дугуйланд ирэхдээ хар өнгийн, том шүдтэй алим зурж байсан юм. Харин удалгүй цэлмэг тэнгэртэй нар зурсан байсан. Энэ л надад амжилт. Тунгалагтуяа спортоор эсвэл урлагаар амжилт гаргажээ гэдгээс илүүтэй миний цагаа зориулсан хүүхэд амжилт гаргаж, амьдрал нь өөрчлөгджээ гэдэг нь юунаас ч илүү хүндтэй шагнал. Энэ л намайг хөглөж, эрч хүчээр сэлбэдэг дээ.

-Таниас урам зориг авсан олон хүн байгаа. Тэр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

Хүмүүс байгаа зүйлээ нэг их анзаарч хардаггүй. Эрүүл саруул байгаагаа, чиний төлөө гэх гэр бүл хайртай хүмүүс байгаагаа анзаардаггүй. Тиймээс байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаасай гэж хүсч байна. Хэдийгээр бие махбод маань эрүүл биш ч хүсэл мөрөөдөл, оюун санаа маань эрүүл байна. Тиймээс амьдралаа адал явдалтай, өнгө өнгийн баялаг байлгах нь чухал. Өөрөө аз жаргалтай байхад эргэн тойрныхон маань аз жаргалтай болдог. Таягтай явж байгаад унаж байсан, бас автобусанд тэргэнцэртэйгээ суух гэж байгаад унаж байсан ч үе бий. Хүмүүсээс тусламж гуйхад үгүй гэж хэлээд зөрж байсан үе ч бий. Гэхдээ би бууж өгөхгүй боссон. Хүндрэл бэрхшээлтэй ч автобусаар арван жил явсан. Тэгж байж энэ мэргэжил, боловсролыг эзэмшсэн. Одоогийн Тунгааг бүтээх амархан байгаагүй. Хүн болгонд зовлон бий. Түүнийг даван туулаад бусдад өгөх нь хүний амьдралын утга учир, амьд байгаагаа мэдэрч байгаа хэрэг. Эрүүл хэрнээ үхсэн юм шиг амьдардаг олон хүн байна шүү дээ. Тиймээс байгаагаа анзаарч эрхэмлэн,амьдарсан шиг амьдраарай гэж хэлье.

Хүн бүхэн өөр, өөрийн ертөнцтэй. Харин бид энэ удаад Тунгалагтуяа хэмээх тэргэнцэртэй хэдий ч түүнийгээ бэрхшээл гэж хардаггүй нэгэн бүсгүйн баялаг ертөнцөөр зочиллоо. Тэргэнцэртэй бүсгүй маань Хэнтий нурууны ноён оргилд эрч хүчтэй уулчин залуусын дэмжлэгтэйгээр гарч мөрөөдөлөө ийнхүү биелүүлжээ. Харин гуравдугаар сард Мөнхсарьдаг уулын оргилыг зорих юм байна. Монголын уулчдын түүхэнд шинэ хуудас нэмэн өөрийгөө ялж, өрөөлд урам хайрласан түүнд болон тэдний багийн дараагийн аялалд чин сэтгэлээсээ амжилт хүсье.

Б.САРАНГЭРЭЛ




“BONUS BOOST” BSB-д

4 цагийн өмнө