ТОДРУУЛГА:  Хулгайчид машины яндангаас үнэт метал гарган авах бус үнэ нэмж дамлан зардаг

ТОДРУУЛГА:  Хулгайчид машины яндангаас үнэт метал гарган авах бус үнэ нэмж дамлан зардаг

Нийслэлд бүртгэгддэг хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг автомашины эд анги тэр дундаа аккумулятор, толь, купер, баттерэйн хулгай эзэлдэг. Харин сүүлийн үед “Приус” машины нүүрсэн яндангийн хулгай их гарах болжээ.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд авто машины нүүрсэн янданд “цагаан мөнгө” хэмээх үнэт металл агуулагддаг ба түүнийг авах зорилгоор хулгайлдаг гэсэн яриа тархах болсон. Гэвч нүүрсэн янданг худалдан авагчид нь үнэт металл гарган авах зорилгоор бус цааш нь үнэ нэмж, дамлан зардаг юм байна.

Тодруулбал, нэг янданг 200 мянган төгрөгөөр худалдаж аваад 400-600 мянган төгрөгөөр дамлан зардаг аж.

Энэ  талаар цагдаагийн байгууллагаас “Гадаадын орнуудад таваас зургаан шат дамжлага бүхий нарийн технологийн дагуу нүүрсэн яндангаас цагаан мөнгө гарган авдаг. Манай оронд ийм технологи нэвтрэх боломжгүй. Тэгэхээр ийм худал ярианд итгэн бусдын эд хөрөнгийг хулгайлж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг сануулж байна ” гэж мэдэгдсэн юм. Цагдаагийн байгууллагаас яндан хулгайлсан хэсэг бүлэг этгээдийг баривчилан шалгаж байна.

Хулгайн хэрэг үйлдэгсдийн ихэнх нь фейсбүүкийн зарын дагуу холбогдож зардаг гэнэ.

Иймээс бид “Автомашины сэлбэг худалдаа” гэсэн хэд хэдэн группийн зараар холбогдож асуулаа.

Тэд “Машины марк, үйлдвэрлэгдсэн оноос хамааран зуун мянгаас таван зуун мянган төгрөгийн хооронд худалдан авна гэсэн бол 250000-700000 төгрөгийн хооронд зарна” гэж байлаа.

Ингэж түүхий эд худалдан авдаг газрууд нүүрсэн янданг их хэмжээгээр  төвлөрүүлж эрэлтийг бий болгон эргээд хоёроос гурав дахин нэмж зарж байгаа нь энэ төрлийн хулгайг улам өөгшүүлж байгаа юм.

Иргэдийн зүгээс автомашины нүүрсэн янданг худалдан авч дамлан зардаг хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой гэх саналыг гаргаад байгаа аж.

Б.САРАНГЭРЭЛ