Ахмадууд  тэтгэврийн зээлийн тэглэлтийг гурван сая болгохыг шаардлаа

Ахмадууд тэтгэврийн зээлийн тэглэлтийг гурван сая болгохыг шаардлаа

Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх болсон тухай мэдээлсэн. Энэ шийдвэр нь зарим ахмадуудад баяртай мэдээ болсон бол тэтгэврийн зээлгүй ахмадуудад хүнд туссан юм. Ингэсэнээр ахмадууд хоёр талд хуваагдан өөр өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн санал, шийдвэрийг олон нийтэд тарааж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд Зээлгүй ахмадуудын төв хорооноос мэдээлэл хийлээ.

“Тэд зөвхөн зээлтэй ахмадын өрийг тэглэх нь Үндсэн хуульд заасан баялгийг тэгш хуваарилах зарчмыг зөрчиж байна гэж үзэж" байгаагаа энэ үеэр илэрхийллээ. 

Тэтгэврийн зээлийг тэглэх санхүүгийн эх үүсвэр нь “Салхитын мөнгөний орд”. Зээлтэй ахмадуудын  хувьд дээд тал нь зургаан сая хүртэлх төгрөгний зээлийг нь тэглэхээр болсон бол зээлгүй ахмадуудын хувьд гомдлыг нь барагдуулан нэг сая төгрөг өгөхөөр болсон билээ. 

Харин ахмадууд “Бид бүгд улс орондоо ажиллаж, амьдарч, хөдөлмөрлөж явсан улс. Тиймээс өөрсдийн улс орныхоо байгалийн баялгаас тэгш хүртэх эрхтэй. Бид ҮАБЗ- д санал хүргүүлж зээлтэй болон зээлгүй ахмадуудад сар шинийн баяр болохоос өмнө гурван сая төгрөгийг өгөхийг шаардаж байна. Зээлгүй ахмадуудын зургаан сая төгрөгийн өрийн гурван саяыг нь дарж үлдсэн гурван саяыг нь зээлгүй бидэнд өгөх нь зүйтэй. Ингэсэнээр энэхүү асуудал шударгаар шийдэгдэнэ” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл зээлтэй ахмадуудын тэтгэвэрийн зээлийг хамгийн дээд талдаа гурван сая төгрөгөөр төлөхөөр шийдэж, зээлгүй ахмадуудад үлдсэн гурван сая төгрөгийг олгохыг шаардлаа.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө