Чуулган хаалттай горимоор хуралдаж байна

Чуулган хаалттай горимоор хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11.00 цагт эхэллээ.

Чуулганаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай тогтоолын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ. Мөн үдээс хойш буюу 15.00 цагт УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан тавьсан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” асуулгын хариуг сонсохоор товлосныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох асуудлыг чуулганаар хэлэлцэх шаардлагатай байгааг хэллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийн байгууллагын шалгаж томоохон хэргийн сэжигтнүүд хил давж гарсан тухай мэдээлэл байгааг дурдаад, прокурорын байгууллагын мэдээллийг чуулганаар нээлттэй сонсох хэрэгтэй гэсэн санал хэлж байв.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Прокурорын байгууллагын мэдээллийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуулийн дагуу сонсдог. Тухайн үед гишүүд санал гаргасан тохиолдолд чуулганаар нээлттэй сонсох боломжтой” хэмээв. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах боломжтой хэмээн тайлбарлав.

Ийнхүү чуулганаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна.