Э.Амина: Зурган сэтгэц засалд хамрагдсан хүмүүс биднийг “ЗӨН БИЛЭГЧ ҮҮ” гэж асуудаг

2019-04-29 20:47

ART PODCAST: Найруулагч М.Боролдой "ГОДОГ ХҮЛЭЭХҮЙ ЖҮЖИГ ЮУН ТУХАЙ ӨГҮҮЛДЭГ ВЭ"

2019-04-29 20:45

Э.Амина: Зурган сэтгэц засалд хамрагдсан хүмүүс биднийг “ЗӨН БИЛЭГЧ ҮҮ” гэж асуудаг

Уншигч та бүхэнтэйгээ бид энэ удаа зурган сэтгэл засал буюу “Art therapy”-г Монголын нөхцөлд нутагшуулж буй “Монгол билиг сэтгэл судлалын төв”-ийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Э.Аминатай уулзуулж байна.

Бүдэг гэрэлтэй, сэтгэлд дулаан цэнхэр өнгө, од мичдийг санагдуулам жижиг цагаан цэгэн гэрлүүд бүхий нам гүм, тайван өрөөнд тэд сууна. Өнгө өнгийн гуашнаас дуртайгаа сонгож юу хүссэнээ зурж, сэтгэлзүйчид сэтгэлээ нээх аль эсвэл чимээгүйхэн суугаад төвлөрч болно. Дараа нь зөн билэгч шиг л тэд таны сэтгэлийн дотоодыг асуудлыг ярьж эхэлнэ, та ямар чадвартай, юу хийх ёстой, таны дотор юу болж буй, та юунд санаа зовоод байгаа гэх мэт санаанд оромгүй зүйлсийг тань хэлж өгнө. Энэ бол урлагаар, зургаар сэтгэлийг тань оношилж, дараа нь засах, зөвлөх явц юм.

Энэ сэтгэл заслын талаар сэтгэл судлаач Э.Амина:

-ЗУРГАН СЭТГЭЛ ЗАСАЛ ХҮНИЙ БАРУУН, ЗҮҮН ТАРХИЙГ ЗЭРЭГ АЖИЛЛАГААНД ОРУУЛДАГ-



-Юуны өмнө та уншигчдад маань өөрийг танилцуулна уу? Та аль сургуулийг сэтгэлзүйч мэргэжлээр дүүргэж байв аа?

-Намайг Э.Амина гэдэг. Сэтгэл судлаач мэргэжлийнхээ бакалаврыг АНУ-д дүүргэсэн. Магистрын зэргээ Монгол улсын их сургуульд дүүргэсэн. Сэтгэл судлалаар ажиллаад дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. Зурган сэтгэл заслаар мэргэшсэн. Харин Манай Монгол билиг сэтгэл судлалын төв байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Байгууллагынхаа нэрний билиг гэдэг нэрийг маш сайн бодож, тунгааж байж өгсөн. Учир нь сэтгэл судлалын шинжлэх ухаан өрнөдөөс гаралтай, аргазүйн шинжлэх ухаан. Гэтэл арга, билиг гэдэг хамтдаа байдаг. Шинжлэх ухаан гэдэг талаасаа дандаа аргазүйгээрээ яваад байдаг тул Монгол улсын хувьд хөрсөн дээр буухдаа тийм ч тохиромжтой биш, таарахгүй байгаа. Сэтгэлзүйн шинжлэх ухаан өрнөдөөс гаралтай тул өөр хүмүүсийн онол гэсэн үг шүү дээ. Тиймээс тэр онолыг Монголд нутагшуулна гэдэг шинэ шинжлэх ухааны хувьд хэцүү, нутагшихгүй байгаа талтай. Тиймээс Монгол хүмүүсийн сэтгэлзүйн онцлогийг тусад нь тодорхойлж гаргах шаардлагатай болсон. Бид мэдрэмж талаасаа, байгалийн өгөгдөл талаасаа илүү их билэг оюун ухаантай хүмүүс. Тиймээс ч аргазүйгээр нүдүүлээд байдаг хүмүүс биш юм байна. Харцаараа илүү их бие биенээ ойлгодог, мөн чанараар нь таньдаг онцлог, хэв шинжтэй улс учраас Монголчуудыг билиг талаас нь судлаад өнөөгийн хотжилттой холбоотой стресс, сэтгэл гутрал гэх мэт сэтгэлзүйн олон байдлыг судлах, тэдэнд туслах сэтгэл судлаачийн мэргэжил өнөөдрийн нийгэмд маш их эрэлт хэрэгцээтэй болсон байна. Тиймээс ч манай байгууллага байгуулагдан, билиг талаас нь хүмүүсийг соён гэгээрүүлэх, сэтгэл судлалын шинжлэх ухааныг билиг талтай нь хослуулна гэсэн зорилго, уриатайгаар байгуулагдсан.

-Зурган сэтгэл засал гэж юуг хэлээд байна вэ? Өмнө нь ихэвчлэн хүүхдүүдийн зурсан зургаар тэдний ар гэрийн амьдрал, санаа зовниж буй зүйлсийг мэддэг болох тухай сонсож байсан. Харин шинжлэх ухааны хэмжээнд ажиллаж байхыг харж байгаагүй юм байна?



-Арт терапи /Art therapy/ гэж сэтгэл заслын нэг чиглэл буюу урлагийн сэтгэл засал бий.Урлагийн сэтгэл засал дотроо зургийн, баримал, хайчилбар, фото зургийн гэх мэт маш олон төрөлд хуваагддаг. Манайх зураг талыг нь сонгож авч хэрэгжүүлж байгаа. Зурган сэтгэл засал нь хүний баруун, зүүн тархийг зэрэг ажиллагаанд оруулдаг. Баруун тархи нь илүү хүний бүтээлч байдлыг идэвхижүүлдэг хэсэг бол зүүн тархи нь хүний хэл ярианы холбогдолтой хэсгийг илүүтэй идэвхижүүлдэг гэж энгийнээр тайлбарлаж болно. Тиймээс зураалчихаад эргээд үр дүн дээр ярилцана гэдэг нь тухайн хүний сэтгэлзүйн байдлыг зургаар буюу бүтээлч тархийг нь ашиглаад илрүүлээд гаргачихлаа, эргээд түүн дээр нь дүн шинжилгээ хийгээд ярилцана гэдэг нь тэр хүний сэтгэлзүйн байдал, тулгамдсан асуудлыг нь өөрт нь яг бодитоор нь харуулах процессыг хийдэг. Зурангаа ярилцах, зургийг зурах явц хамгийн чухал бөгөөд бид үүнд нь илүү анхаарал хандуулдаг. Бийрээ хэрхэн барьж байна, ямар өнгөөр дүрсэлж байна гэх мэт. Өнгө гэдэг сэтгэлзүйн тусгал. Бид төрснөөсөө эхлээд байгалийн өнгүүдийг мэдээлэл маягаар өөрсдөдөө тусгаж авсан байдаг. Эргээд аливаа зүйлийг илэрхийлэхдээ ухамсаргүйгээр түүнийгээ илэрхийлж байдаг гэсэн үг. Ингэж л оношлогоо хийдэг. Тухайн хүн ямар асуудалтай байна, яг аль хэсэгт илүү ач холбогдол өгч зураглал зурж байна гэдгээс шалтгаалаад харилцааны асуудалтай юу, дотоод сэтгэлзүйн далд ухамсартай холбоотой сэтгэлзүйн айдас байна уу, түгшүүр байна уу, ирээдүйгээ яаж харж байна гэдгийг зургаар бүрэн оношилж чаддаг. Энэ бол цэвэр шинжлэх ухаан. Хүмүүс оношлуулчихаад зөн билэгтэнтэй харьцаж байгаа мэт л гайхдаг /инээв. сурв/ Та яаж мэдээд байгаа юм бэ, та ямар нэгэн мэдрэмжтэй юу гэж асуух нь элбэг. Гэтэл энэ бол яг онол аргазүй дээр суурилсан практик сэтгэл судлал учраас ингэж оношилдог.

Терапи. Үүний дараа бид лого терапи буюу амьдралын утга учрыг олуулах, ойлгуулах терапи хийнэ.   Тэр төрлийг арт терапитай хослуулахаар энэ нь төгс сэтгэл засал болж байгаа юм. Тэр хүн өөрийн доторх сэтгэлзүйн байдлыг бүрэн илэрхийлээд, түүнээсээ өөрийн амьдралын утга учир, өөрийн дотор юу болж байгаа болох, өнөөдрийг хүртэл өнгөрүүлсэн цаг хугацаа, түүх бүх зүйл минь юутай холбоотой байж гэдгээ харж эхэлдэг. Цаашид би хэн бэ гэдгээ танин мэдэж, хэрхэн амьдрах ёстой гэдгээ мэдэж байгаа юм. Сэтгэлзүйч зургаан удаа энэ хоёрыг хослуулан ажиллахад гайхалтай үр дүн гардаг. Зуун хувийн баталгаа өгөхөд энэ засалд суусан хүн хангалттай хэмжээний сэтгэл ханамжтайгаар, үнэхээр өөрийгөө ойлгоод гардаг.

-БИД ЮУ ЗУРЖ БАЙГААД БУС ХЭРХЭН ЗУРЖ БАЙГААД АНХААРДАГ ТУЛ ЗУРЖ ЧАДДАГГҮЙ ГЭЖ АЙЛТГҮЙ-



-Зураг гэхээр хүмүүс сүрдэх вий. Би зурж чаддаггүй, авьяасгүй. Тийм болохоор “Миний чадваргүй байдал намайг буруу тодорхойлоход хүргэх вий” гэх айдас байна. Ийм боломж бий юу?

-Орж ирж буй хүн бүр “Би ёстой зургийн авьяасгүй, чаддаггүй, муухай зурчих байх” гэдэг. Гэтэл тэр хүний яаж илэрхийлж буй арга хэлбэрийг л харж байгаа болохоос гоё зурж байгаа эсэхийг огт хардаггүй. Шувууг заавал шувуу шиг зурах албагүй. Тэр хүн бийр бариад гараа ажиллуулж чаддаг, өнгөнүүдээ ялгах харааны хүртэхүйтэй, түүгээрээ өнгө дүрс гаргах ерөнхий чадвартай л бол сайхан, муухай, чадвартай үгүйг харахгүй. Тиймээс айх зүйлгүй. Хүн бүрийн зурж буй зураг, төсөөлөл, илэрхийлэмж давтагдашгүй байдаг. Зургуудыг хооронд нь харьцуулж ялгадаггүй учраас санаа зовох зүйлгүй.

-Сэтгэл засалд үнэхээр хамрагдах шаардлагатай хүмүүс өөрсдийгөө шаардлагагүй гэж үзэх нь их байдаг шиг санагддаг. Ямар хүмүүс сэтгэл засалд хамрагдах ёстой байдаг вэ?

-Яах гээд байгаагаа мэдэхгүй, сэтгэл хоосорчихоод, ямар ч зүйлээс сэтгэл ханамж авч чадахгүй, хаашаа явж буйгаа мэдэхгүй, юунаас түгшээд байгаагаа ойлгохгүй яарч сандраад л, байнга сөрөг хандлагатай, гутрах хандлагатай, орой унтахын өмнө тавгүйтдэг гэх мэтээр хувь хүнийхээ хувьд таагүй мэдрэмж мэдэрч буй, өөрийгөө хангалттай хэмжээнд ойлгож чадахгүй байгаа, сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй байгаа тохиолдолд танд сэтгэлзүйн тулгамдсан асуудал үүссэн байна. Үүнийгээ мэргэжлийн хүнтэй ярьж, зөвлөж, оношлуулж, арга хэмжээ авахгүй бол цаашид хүндэрвэл амьдрах утга учиргүй болно, бүр цаашилбал сэтгэцийн эмгэгтэй болно. Хөврөх тусам аюултай. Мөн харилцааны асуудалтай хүмүүсийг дурьдаж болно. Ерөөсөө л би энэ хүнтэй ойлголцож чадахгүй байна, цаашид таарахгүй, хүмүүст би өөрийгөө илэрхийлж чадахгүй байна, намайг буруугаар ойлгоод байна, олон жилийн хугацаанд гэр бүлийн харилцаатай байсан хос гэр бүлийн хямралын мөчлөгт яахаа мэдэхгүй байгаа гэх мэт харилцааны асуудлууд үүссэн бол. Цаашлаад өөрийгөө хөгжүүлэхийг хүсч байгаа хүмүүс ирж болно. Би ямар чадвартай юм, яаж хөгжвөл зүгээр юм, миний үнэхээр хүсч буй мэргэжил юу юм, надад байгаа чадварын дагуу би юу хийж чадах юм, хувь хүний хөгжлийн хувьд илүү хүчирхэг, тогтвортой болмоор байна, илүү их өөрийгөө танин мэдмээр байна гэж байгаа хүмүүст ч их тохиромжтой байдаг. Ер нь манайх зургаагаас дээш насны хүмүүст үйлчилдэг. Түүнээс бага насныхан хүүхдийн сэтгэлзүйчид хандах ёстой. Нас хүйс, мэргэжил боловсрол гээд ялгах зүйлгүй үйлчилдэг.

-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ЗӨВХӨН ЗУРГААР БУС ОРЖ ИРЭХ ЭХНИЙ АЛХАМААР НЬ ТОДОРХОЙЛНО-


-Танайд үйлчлүүлэхээр ирж буй хүмүүс ихэвчлэн эрчүүд байдаг уу? Эмэгтэйчүүд байдаг уу?

-Бид анх төсөөлөхдөө эмэгтэйчүүд л голцуу үйлчлүүлэх байх гэж бодож байсан. Гэтэл яг тэнцүү. Эрчүүд сэтгэлзүйн үйлчилгээ авдаггүй, хүнээр асуудлаа шийдүүлдэггүй, хүнд асуудлаа ярихгүй, өөрөө л ганцаараа шийднэ гэдэг нөхцөл байдал алга болжээ. Сэтгэлзүйн үйлчилгээ авах шаардлагатай гэж үзэж байгаа хүн бүр л ирж байна. Гэхдээ манайд ихэвчлэн өсвөр насныхан ирдэг. Сэтгэлзүй болоод бие физиологийн хувьд хямрал, өөрчлөлт гардаг үе өсвөр нас буюу 12-17 насныхан их ирнэ. Тэдний хувьд ч хүйсийн тэнцвэртэй ирж үйлчлүүлж байгаа.

-Эрчүүд ч их ирдэг болсон гэхээр 10 жилийн өмнөхтэй харьцуулахад Монголчууд сэтгэл судлалыг зөвөөр ойлгож чаддаг болсон нь харагдаж байна. “Шар хад” гэдэг хоёр үгээр ойлгож явсан энэ салбарыг ойлгох боловсролтой болсон шиг. Гэхдээ өөрийгөө бүрэн нээх талаар тийм ч сайн боловсроогүй учраас зурган сэтгэц заслын үед хуураад өнгөрөх, өөрөөсөө өөр зүйлийг зурж, илэрхийлэх тохиолдол бий юу?

-Тэр хүн ямар ч байдлаар бодож зурсан утга агуулга өөр байж болно. Гэхдээ бид оношилгоо хийж буй учраас утга агуулганд ач холбогдол өгөхгүй. Байшин зурж байж болно. Гэхдээ байшин чухал биш, тэр байшинг яаж зурж байна вэ гэдэг л бидэнд чухал.

-Арт терапигийн дүрэм, норм нь тэнд л оршдог гэсэн үг байх нь ээ?

-Тиймээ.  Зурган оношлогооны аргазүйн маш олон онол бий. Өнгөний терапи буюу өнгө бүрт ямар утга агуулга байдаг, зургийн аль хэсэгт хэрхэн яаж зурж байна вэ гэдгээс шалтгаалаад оношилгоо явна.

-Хамаагүй задалж болохгүй хэдий ч тухайлбал, энэ шаргал зурагнаас та юу уншиж байгаа талаараа товч хэлж өгөхгүй юу?

-Өнгө бүр өөрийн гэсэн утга учиртай. Тухайлбал, манай байгууллага хөх цэнхэр өнгөтэй. Энэ нь хүнд итгэл, найдвар, тухтай мэдрэмж төрүүлдэг. Ингэснээр өөр рүүгээ төвлөрөхөд илүү дөхөмтэй. Цагдаа цэргийнхэн, сувилагч нар хөх цэнхэр өнгийн хувцастай байдаг шүү дээ. Бид хэдий “энэ цэнхэр өнгийн хувцастай учраас би энд итгэж байна” гэдэггүй ч ухамсаргүйгээр тухайн хүнд итгэж болох юм гэж бодогдож итгэлийн өнгө. Улбар шар өнгө бол нарны туяаны өнгө. Ялангуяа нар жаргаж байх үед улбар шар өнгө байгальд хамгийн их үзэгддэг. Энэ үед хүн ухамсаргүйгээр сэтгэлзүйн хамгийн их тайван, тав тухтай мэдрэмжийг мэдэрдэг. Тэгэхээр энэ зураг бол хамгийн тав тухтай, тайвшралтай зураг. Цаашаа аль хэсэгт энэ хүн деталь өгсөн болох, тэр хүний харц, биеийн хэлэмж ямар байна гээд л тэр хүнийг зөвхөн зурж буй зургаар нь биш орж ирсэн анхны алхалтаас нь, нүүрний хөдөлгөөн, аль булчин нь илүү хөдөлж байна, гараа ямар байршилтай байрлуулсан байна гээд л бүх зүйлээс нь зэрэг уншдаг.

-Ойролцоогоор хэдэн минут үргэлжлэх вэ?

-Сэтгэлзүйн зөвлөгөө ойролцоогоор 40-60 минутын хугацаанд үргэлжилдэг. Оношлогооны хувьд ч хүмүүс ихэвчлэн 30 минутын дотор зургаа зурчихдаг тул түүнээс үүдэж ярилцаж, ярилцсан дээрээ суурилж зөвөлгөө өгөхөд болдог. Хүн орж ирэхдээ асуудлаа юунаас эхэлж ярихаа мэдэхгүй байдаг. Тиймээс шууд л зуруулж эхлээд, өөрийг нь нэвт харж буй мэтээр яриад эхлэхээр хүмүүс юу ярих гэж байснаа, юу тулгамдаж байснаа мэдээд маш товч ойлгомжтой зөвлөгөөгөө аваад явдаг.   

-Танайх зөвхөн зурган сэтгэл засал үзүүлдэг үү?

-Ганцаарчилсан зөвлөгөө, сэтгэл засал, өсвөр насныхан зориулсан сургалт явдаг. Мөн байгууллагын уур амьсгалыг сайжруулах, байгууллагын хөгжил, хувь хүний хөгжлийг тодорхойлох сургалт, лекцүүд зохион байгуулж байна.

-ӨНӨӨДӨР БИД СЭТГЭЛЗҮЙТЭЙГЭЭ САЙН АЖИЛЛАХГҮЙ БОЛ ДАРААГИЙН 20 ЖИЛИЙН ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛЗҮЙД АЮУЛ НҮҮРЛЭЖ БАЙНА-



-Өнөөгийн нийгмийн гол асуудал юу болоод байна вэ?

-Өнөөгийн нийгмийн хамгийн гол асуудал бол хүмүүс өөрсдийгөө ойлгохгүй байна. Өөрийнхөө хаашаа явж байгааг болон нийтээрээ хаашаа чиглэж буйгаа нийтээрээ ойлгохгүй болчихоод байгаа. Нийгмээрээ хашаа явахаа мэдэхгүй байгаа учраас нэгж хүн хаашаа явахаа сайн ойлгохгүй. Мөнгөний төлөө юу, боловсролын төлөө юм уу, гэр бүлтэй болохын төлөө юу гэх мэтээр хувь хүн хаашаа чиглэх тухайгаа мэдэхгүй, баримжаагүй, ойд төөрсөн сармагчин лугаа энд тэнд бужигнаад нийтээрээ үнэт зүйлгүй болчихоод байна. Өнөөгийн бидний сэтгэлзүй хаашаа чиглэж, ямар байгааг хүмүүс ойлгочих юм бол сэтгэлзүйн үйлчилгээ авах эсэх тань тодорхойлогдоно. Монголчууд өөрсдөө сэтгэлзүйн хувьд цаанаасаа генийн гэх үү, зан төлвийн хувьд маш өндөр өгөгдөлтэй. Монголчууд өөрсдөө сэтгэлзүйн судалгаанууд ч хийж эхлээд байгаа. Үүгээр маш өндөр IQ-тэй, оюун ухааны чадвартай гэдэг нь харагдаж буй. Гадны хүмүүстэй харьцуулахад тэнхээтэй, дасан зохицох чадвар сайтай, ажигч, анализ хийх өндөр чадвартай, уужуу дотортой, аливааг эерэгээр нь хардаг, нийтэч үзэлтэй гэх мэт Монгол хүмүүсийн сэтгэлзүйн онцлогууд байна. Энэ нь бидний нүүдэлчин байдлаар амьдарч ирсэнтэй холбоотой бөгөөд байгальтай шүтэлцээтэй, амьтай бүхэн яаж харьцах, хүмүүс хоорондоо яаж харилцах ёстой гэх мэтийг маш олон жилийн турш нүүдэлчин амьдралаар амьдрах явцдаа соёл болгон үлдээжээ. Үүнээс нүүдэлчин ард түмэн сэтгэлзүйн хувьд маш өндөр түвшний мэдлэгтэй байсан нь харагддаг. Гэтэл сүүлийн үед хөгжил гэх нэршлийн дор дэлхийн хүмүүс техник технологийн хөгжил рүү, илүү механик байдал руу хэлбийж хүмүүс хоорондын харилцаа муудаж, бие биетэйгээ түнжингүй, эв эегүй, бие биенээ хайрлахаа больчихсон, амьд болгоныг хайрлана гэх сэтгэлзүй нь устах дөхөж байна. Харин Монголчууд тэр болгоны эсрэг бүх зүйлээ хадгалаад үлдчихсэн. Энэ утгаараа Монголчууд яах аргагүй илүү байна. Гэтэл биднийг ганц эвдэж буй зүйл нь техник технологи хөгжиж буйтай холбоотой энэ их эмх замбараагүй мэдээлэл дунд өөрсдийн мөн чанарыг алдаж байна. Энэ хөгжлийн хэмнэл дунд өөрсдийгөө ойлгож ухаарах сэхээ байхгүй завгүй амьдарч буй нь өөрсдийгөө мартахад хүргэж байна. Үүнээс бол хүн болгон л ямар нэг байдлаар сэтгэлзүйн хямралтай, асуудалтай, өвчлөлтэй болж байгаа. Тиймээс л хүн бүр сэтгэлзүйн зөвлөгөө авах шаардлагатай. Яг үнэнийг хэлэхэд хоёр нийгмийн шилжилт бидний монголчуудад маш их сэтгэлзүйн хямрал авч ирсэн. Нийтээрээ нэгнийхээ төлөө, бүх зүйлийг төр нь зохицуулдаг байсан нийгэмд хүмүүс санаа амар амьдарч байсан бол ардчилал гарч ирснээр хүмүүс юуны төлөө амьдрах ёстойгоо ойлгохгүй, мэдэхгүй болж, ямартай ч эхлээд өөрийгөө болон гэрийнхнийгээ тэжээхийн тулд мөнгөний төлөө амьдарч, наймаа хийж эхэлсэн. Гэтэл үүний хохирогч нь тухайн үеийн нийгмийн хүүхдүүд. Эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүд маш их сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай болсон. Аав нь архи ууна, ээж нь наймаанд явчихсан хүүхдүүд маш их ганцаардаж байсан. Энэ хүүхдүүд одоо 30 гаруй насанд хүрч хаашаа явахаа мэдэхгүй, ялангуяа гэр бүлийн харилцаанд ороод эргээд салах нь элбэг. Тэд ээж боллоо гэхэд ямар ээж байхаа мэдэхгүй. Учир нь ээж аав нь ямар байх ёстойг үлгэрлэж үзүүлээгүй, эхнэр нөхрийн үүрэг ямар байх ёстойг ч тэд мэдэхгүй. Тиймээс ч салалт өнөөдөр ийм их байгаа. Энэ хүүхдүүдээс үүдэж дараагийн 20 жилийн дараах хүүхдүүдийн сэтгэцийн байдалд аюул нүүрлэж буй юм. Бид үүнд эрчимтэй нөлөөлж, соён гэгээрүүлж, сэтгэлзүйг нь зөв чиглүүлэхгүй бол дараагийн үеэ маш аминч, материаллаг зүйлийн төлөө ажилладаг роботууд болгож өсгөх нь байна.

 

-Стресстэй, уур бухимдалтай, сэтгэлзүйн асуудалтай хүмүүс ихэвчлэн гаднаас, бусдаас шалтгаанаа хайж байдаг. Гэтэл яг сэтгэлзүйн шинжлэх ухааны хувьд энэ нь үнэхээр гаднаас хамааралтай байдаг уу, хүнээс өөрөөс нь шалтгаалж байдаг уу?

-Асуудалгүй амьдрал гэж байдаггүй. Харин хүн асуудалтай хэрхэн нүүлж тулж, түүнд хэрхэн хандаж, яаж даван туулж байна вэ гэдгээс шалтгаалан цаашдын сэтгэлийн тэнхээ, хүчийг авч байдаг. Асуудалтай нүүр тулах уу, тойрч зугтах уу гэдэг чухал. Асуудлыг шийдэх гэж буй байдал, түүнийг хэрхэн харж буй хандлага, сэтгэлзүйн онцлогоос энэ асуулт шалтгаална. Хүнээс өөрөө шалтгаалахгүй тохиох хүчин зүйлүүд гэж бий. Ойр дотны хүн нас барах, байгалийн гамшиг, осол гэмтэл гэх мэт гаднаас нөлөөлж буй мэт асуудал болгон үнэндээ хувь хүний өөрийнх нь асуудалд хандах хандлагыг харуулж буй учраас цаашид сэтгэлзүйн асуудал нь хүндрэх үү үгүй юу гэдэг тодорхойлогдоно. Асуудал хаанаас ирсэн ч бай хамаагүй тэр хүний дотоод сэтгэлзүйн байдал ямар байгаагаас шалтгаалан түүнтэй хэрхэн тэмцэж байгаа нь л чухал. Асуудлыг дотроосоо хайна.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР