“THE HU” хамтлагийн хөгжмийг урладаг МУСГЗ, Хөгжим урлаач П.Байгальжавтай ярилцлаа

“THE HU” хамтлагийн хөгжмийг урладаг МУСГЗ, Хөгжим урлаач П.Байгальжавтай ярилцлаа

“Хүннү рок” хэмээх урсгалыг бий болгон, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж буй “THE HU” хамтлагийг хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй. Хуучин хэв маягийн хуур хөгжмүүдийг цоо шинэ түвшинд гарган, газар, тэнгэр, галыг бэлгэдсэн дэлхийд ганцхан тэдний хөгжмүүдийг урласан хүн бол МУСГЗ, хөгжим урлаач П.Байгальжав юм.

Тэрээр амьдралынхаа 31 жилийг ардын хөгжим урлахад зориулж, 40000 гаруй хуурыг өөрийн байгуулсан “Эгшиглэн” хөгжмийн үйлдвэрийн ажилчидтайгаа хамтран урлажээ. Бид түүний урланг зорьж, “THE HU” хамтлагийн хөгжмийн талаар болон ажил амьдралынх нь сонин сайхнаас хуваалцлаа.

THE HU” ХАМТЛАГ ДЭЛХИЙД ТАНИГДАЖ ЭХЛЭХЭД ЗАЛУУ ҮЕИЙНХЭН
МААНЬ АРДЫН ХӨГЖИМ, ХӨӨМИЙ, МОРИН ХУУРЫГ
ИХЭД СОНИРХОХ БОЛСОН

-Та хэдийнээс хөгжим урлах болов. Одоогоор хэдэн төрлийн хөгжим хийж байна?

-Социализмын үеэс анх ардын хөгжмийн зэмсэг хийж эхэлсэн. Тэр үед “Үндэсний хөгжим багаж туршилтын газар”-ын харъяа цөөхөн  хөгжим зэмсгийн мастерууд ажилладаг байлаа. Тэндээс ажлын гараагаа эхлүүлэн 1990 онд чөлөөт зах зээлд шилжихэд зориг шулуудан “Эгшиглэн” хувиараа эрхлэх аж ахуйг нээж байсан. Анх хоёр шавьтай байсан бол одоо 50 орчим ажилтантай компани болсон.

-Ардын хөгжимтэй амьдралаа холбоход юу хамгийн ихээр нөлөөлөв?

-Би говь нутагт төрж, өссөн хүний удам угсаа. Багаасаа хөл нүцгэн мал хариулж, ховоо татаж өссөн ч хөгжимд тун сонирхолтой, хөгжим хийхийг оролддог байсан. 1989 онд Их Жамьян хуурчийн 70 насны ойд зориулсан “Морин хуур урлаачдын анхдугаар уралдаан”-д морин хуур хийж оролцон, тэргүүн байр эзэлсэн нь надад маш их урам зориг өгсөн юм. Эндээс л миний ажил, амьдралын гараа эхэлсэн. Тэр хуур одоо “Театрын музей”-д хадгалагдаж байгаа.

-Хэдэн төрлийн хөгжим хийдэг вэ. Ямар хөгжмийг голлон хийж байна?

-Бүрээ, бишгүүр, ятга, ёочин, шанз, хуучир, товшуур, морин хуур зэрэг ардын язгуур хөгжмийг хийж байгаа. Хөгжим урлахаас гадна археологийн олдворын хөгжмүүдийг шинээр сэргээн хийх ажлуудыг хийдэг. Нийт хөгжмүүдийн ихэнх хувийг морин хуур эзэлдэг. Анх байгуулагдсанаас хойш 40000 гаруй морин хуурыг манай ажилчид урласан. Үүнээс 300 гаруйг нь миний бие урласан.

-Нэг хөгжмийг хэр хугацаанд хийдэг вэ. Хамгийн их цаг шаардсан ямар бүтээл байна?

-Хамгийн энгийн морин хуурыг гаршсан хүн 3-4 хоногт л хийчихдэг. Өндөр шаардлагатай, нарийн хийцтэй, чимэглэл ихтэй хөгжим хийхэд жил болох нь ч бий.

-Та “THE HU” хамтлагийн хөгжмийг урласан шүү дээ. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье.

-2017 онд Дашдондог гавъяат их сонирхолтой зураг барьчихсан “Үүнийг л хөгжим болгомоор байна. Ердийн хэрэглээний морин хуураас жаахан том, өтгөн тембэртэй морин хуур хийж өгөөч” гээд ороод ирсэн. Нум, сум хэлбэрийн товшуур, эзэн рүүгээ харчихсан толгойтой морин хуур гээд их сонирхолтой зураг байсан. Зургийг нь гаргачихсан байсан болохоор метрээ бариад л, “иймэрхүү байвал яаж байна” гээд энгийн морин хууртай харьцуулж үзүүлсэн. Удалгүй би хар зургийг нь зурж үзүүлээд хөгжмөө хийж эхэлсэн дээ.

-Хэр хугацаанд хийж дуусгав. Хөгжмүүдийн материалын тухай ярьвал?

-Шавийнхаа хамтаар хоёр сарын хугацаанд хийж дуусгасан. Хөгжмүүдийг монголд ургасан хус, гацуурын модоор хийсэн дээ. Монгол үндэсний хөгжмийг ихэвчлэн хулс, гацуур, нарс гэх мэт модоор хийдэг. Ятга, ёочингийн дуугардаг царын хэсгийн моднуудыг Азийн орнуудаас авдаг. Зарим хатуу моднуудыг гаднаас авах тохиолдол бий.

-“THE HU”  хамтлаг таны хийсэн хөгжмөөр уран бүтээлээ туурвин дэлхийд танигдаж чадсан шүү дээ. Энэ талаар сонсоод бахархах сэтгэл төрсөн байлгүй?

-Мэдээж бахархалгүй яахав. Монголчууд бүгд л бахархаж байгаа. Ерөөс хийсэн хөгжим маань эзэндээ хүрч, түүгээр ая эгшиглэж гарахыг сонсох нь миний ажлын хамгийн сайхан зүйл гэж би боддог. “THE HU” хамтлаг дэлхийд танигдаж эхлэхэд залуу үеийнхэн маань ардын хөгжим, хөөмий, морин хуурыг ихэд сонирхох болсон. Үндэсний хөгжим түгэн дэлгэрэх энэ үйлсэд гар бие оролцож байгаа маань их нэр төрийн хэрэг.

THE HU”, “ХӨСӨГТӨН”, “ТЭНГЭР АЯЛГУУ”, “АЛТАН УРАГ”
ХАМТЛАГУУДЫН ХӨГЖМИЙГ ХИЙЖ БАЙСАН

-“THE HU” хамтлагийн хөгжмийг дуурайлгаж хийлгэх гэсэн хүмүүс ирж байв уу?

-HU хамтлагийн клип цацагдаж эхлэхэд “Энэ хөгжмийг танайх хийсэн гэсэн. Ийм хөгжим хийгээд өгөөч, эсвэл иймэрхүү хэрнээ арай өөрийг хийгээд өгөөч” гэх хүмүүс олширсон. Гэтэл хүний оюуны өмч, дахин давтагдашгүй бүтээлийг би дураараа хийж өгч болохгүй шүү дээ. Дашдондог гавьяат санааг нь гаргаж,  би тэр санааг амилуулсан төдий.

-THE HU хамтлагаас гадна өөр ямар уран бүтээлчдийн хөгжмийг урлаж байв?

-“Хөсөгтөн”, “Тэнгэр аялгуу”, “Алтан ураг” хамтлагуудын хөгжмийг хийж байсан. “Алтан ураг” хамтлаг анх харь гаригийн амьтан шиг толгойтой их сонин хөгжим хийлгэе гэж ирсэн. Тухайн үед  зургийг нь хараад “Би ийм сонин загвараар хуур хийхгүй” гэж байсан. “Алтан ураг” хамтлагаас хойш хүмүүс чоно, буга, арслан, бар, хан гарьд гэх мэт маш олон төрлийн толгойтой хуур хийлгэх болсон. Бас “Морин хуурын чуулга”-ын хөгжмүүдийг хийж байлаа. Завхан аймгийн 80 жилийн ойд зориулсан 2000 хуурын 1700-г нь манайх хийж байсан. Тайзан дээр тоглогдож байгаа тэр олон хөгжмөөс өөрийнхөө хийсэн хөгжмийг хараад шууд л таньчихдаг. Нөгөө талаар мэргэжлийн онцлог гэх үү дээ.

-Та хөгжим урлахдаа юуг нь хамгийн ихээр анхаардаг вэ?

-Материалыг л хамгийн ихээр анхаардаг даа. Би хөгжмийн материал дээр хэзээ ч гар татдаггүй. Сайн хөгжмийг сайн л материалаар хийхийг зорьдог. Тэгээд эсгэлтээс эхлээд, дуусах хүртэл бүх зүйл чухал. Бас сэтгэлээ шингээж хийх нь маш чухал. Манай улсын хоёр үйлдвэрт, бас Өвөрмонголд морин хуурыг шууд машинаар үйлдвэрлэх болсон. Харин манайх деталь бүрийг нь өөрөө хийдэг. Хөгжмийн багажуудаа хүртэл би өөрөө хийдэг байсан. Үйлдвэрийн машинд хийгдсэн хуур, хэзээ ч гар хийцийн морин хууртай эн зэрэгцэж чадахгүй.

-Ер нь хөгжим урлаач хүн ямар байх ёстой вэ?

-Би хөгжмийн сургуульд сураагүй. Ерөөс сонирхол, практик, туршлагаараа ардын хөгжим урлаж яваа хүн. Хөгжмийн ая данг тааруулж, дуугаргаж байж сайн урлаач болдог. Бас хийж буй хөгжимдөө сэтгэлээ шингээж, мэдрэмжтэй байх нь хамгийн чухал. Миний багшийг Индрэ гэдэг. Бүхий л сэтгэл зүрх амьдралаа ардын хөгжимд зориулсан хүн бий. Би ч багшийнхаа адилаар ажилдаа хандахыг хичээдэг. Тэвчээртэй сууж, хүний сэтгэлд хүрсэн бүтээл хийхийг л хамгийн ихээр чухалчилдаг. Удаан хугацаанд хөгжим хийгээд ядарч буй мэт боловч хийж дууссаныхаа дараа хөгжмөө хараад бүхий л ядаргаа алга болчихдог юм.

П.Байгальжав гуайн урласан хөгжмөөр “THE HU” хамтлаг дэлхийд Монгол хөгжим, Монгол хөөмий, Монгол хүнийг сурталчлан таниулж яваа нь  бахархам амжилт билээ. Үндэсний хөгжмийг үр хойчдоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцож буй түүний урлангаар зочилж ийнхүү ярилцлаа.

 Б.САРАНГЭРЭЛ