ЭМЯ: Коронавирусын талаар худал мэдээлэл тараасан иргэдэд ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ

ЭМЯ: Коронавирусын талаар худал мэдээлэл тараасан иргэдэд ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ

Коронавирусын халдварын талаар олон нийтийн сүлжээгээр үнэн нь худал нь тодорхойгүй, эх сурвалжгүй мэдээлэл түгэж иргэдийг айдаст автуулж байна. Тухайлбал “Коронавирусын халдвараар Монголд хэд, хэдэн хүн нас барсан.  АШУҮИС-ийн төгсөх ангийн оюутнуудыг албадан дайчлахаар болсон. ЭМЯ-ны өндөр албан тушаалтан “Энэ өвчин аль хэдийн Монголд ороод ирчихсэн, нууц үе учраас хоёр сар гараад дэгдэлт нь эхэлнэ” гэж хэлсэн” гэх мэт эх сурвалжгүй мэдээлэл тарсан.

ЭМЯ-аас олон нийтийн сүлжээгээр тарсан энэхүү худал мэдээлэлтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ "2020 оны нэгдүгээр сарын 27-ны 10:00 цагийн байдлаар коронавирусийн халдвараар 2796 хүн өвчилж, нас барсан хүний тоо 80 болсон. Нас баралт бүгд Хятадад бүртгэгдсэн. Монгол Улсад коронавирусийн тохиолдол илрээгүй” гэсэн юм.

Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч халдвар авах өндөр эрсдэлтэй гэж үзсэн Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

Энэ тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулагын(ДЭМБ) Монгол дахь төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ “ДЭМБ-ын удирдах баг, болон Монголын ЭМЯ-ны ажилтнуудтай хамтран эмч нарын бэлэн байдлыг шалгасан.  Монгол Улсын хувьд халдварт өвчний бэлэн байдал сайн хангагдсан байна” гэсэн юм.

Иймээс ард иргэдийг найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, худал мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа. Мөн худал мэдээлэл тараасан иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийг “Зөрчлийн тухай хууль”-д заасанчлан 2000 нэгж хүртэлх мөнгөн дүнгээр торгох арга хэмжээг авах юм байна. Мөн 0-5 насны хүүхэд нь халуурсан эцэг, эхэд тав хоногийн цалинтай чөлөөл олгохоор шийдвэрлэжээ. 

Б.САРАНГЭРЭЛ