МАН: Улсын хэмжээнд 29 тойрог 76 мандаттай байхаар тогтсон

МАН: Улсын хэмжээнд 29 тойрог 76 мандаттай байхаар тогтсон

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2020.01.27/ ээлжит хуралдаанаар ГУРВАН асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, тойрог, мандатын тоог тодорхой болгох, Элчин сайд нарын томилгоо мөн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

-ХОТЫН ТОЙРГИЙГ ТАНАСАН. ГОВЬСҮМБЭР, ДУНДГОВИЙГ НЭГТГЭСЭН- 

Тодруулбал, тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар мэдээлэл өглөө.

НЭГДҮГЭЭРТ,  УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хэлэлцэн шийдвэрлэхдээ улсын хэмжээнд 29 тойрог 76 мандаттай байхаар тогтжээ. Орон нутагт 20 тойрог 52 мандат байна. Нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр болгосон. Нэг тойрог, нэг мандат байж болохгүй. Тиймээс нэг тойрог, олон мандаттай байх ёстой. Дундговь, Булган, Сүхбаатар,  Говь-Алтайг нэг тойрог, хоёр мандаттай болгосон. Ингэхдээ хүн ам цөөтэй учир Говьсүмбэр, Дундговь аймгийн нэгтгэсэн. Нийслэл 9 тойрог 24 мандаттай байхаар шийдвэрлэжээ. Үүнээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг таван мандаттай байна.Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул гурван мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүрэг хоёр мандаттай байхаар тогтжээ. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хувааж байна, хоёр, хоёр тойрог болгосон. Энэ нь сонгогчид нэр дэвшигчтэйгээ танилцахад дөхөм гэж тус бүлэг үзжээ. Хүн ам ихтэй учраас нэг нь хоёр мандаттай нэг тойрог, нэгийг нь гурван мандаттай хоёр тойрог болгохоор тогтжээ. 

ХОЁРДУГААРТ, Ерөнхийлөгч Х.Баттулгаас шинээр томилогдох 11 элчин сайдын асуудал орж ирсэн. Үүнээс есөн элчин сайдын нэрсийг МАН дэмжсэн. Харин Бүгд найрамдах Энэтхэг Улсад нэр дэвшсэн н.Бүрэнбаярыг дэмжээгүй. Нас нь 66 хүрсэн учир Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, тэтгэвэрт гарах нас болсон. Мөн БНСУ-д нэр дэвшсэн н.Өнөрзаяаг дэмжээгүй. Энэ хүнийг дипломат албанд ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус хүн байна гэж үзсэн. Болгар Улсад нэр дэвшсэн Цэнгэлийн хувьд бүх шаардлага хангаж байгаа, асуудалгүй гэж үзсэн.

ГУРАВДУГААРТ, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.