“Зүүн хойд азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ”-ний төслийн тайланг өгөх ёслол ӨНӨӨДӨР болно

“Зүүн хойд азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ”-ний төслийн тайланг өгөх ёслол ӨНӨӨДӨР болно

2019 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Улаанбаатарын яриа хэлэлцээр” олон улсын VI бага хурлын хүрээнд Гадаад Харилцааны Яам болон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтран зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ" төслийн талаарх бодлого, стратегийг танилцуулах тухай хурал 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд 14:30-17:30 цагийн хооронд зохион байгуулагдана. Хурлаар төслийн бүтэц, зорилго, хүлээлт болон хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, нээлттэй форум болно.

Мөн хурлын үеэр “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ СТРАТЕГИ” төслийн тайланг Азийн Хөгжлийн Банкнаас Эрчим Хүчний Яаманд хүлээлгэн өгөх ёслол болох юм. “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СҮЛЖЭЭНИЙ СТРАТЕГИ” төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил, Монгол Улс болон Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг шинэ, ахисан түвшинд гаргах, Монгол Улсыг цахилгаан эрчим хүч экспортлогч орон болгоход чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Эрчим хүчний яамны санаачлага, Азийн хѳгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” техникийн туслалцааны төсѳл (ADB TA-9001 MON) 2017 оны 5 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд гол зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нѳѳцийг бүс нутгийн улсуудын цахилгаан эрчим хүчний сүлжээнд нэгтгэх талаар техникийн дэлгэрэнгүй судалгаа хийх байсан бөгөөд Европын эрчим хүчний тэргүүлэх компани болох "Электрисите дэ Франс" (Électricité de France) судалгааг гүйцэтгэсэн болно.

Зүүн хойд Азид эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь сэдвээр  “Эрчим хүчний салбар хуралдаан” 2019 оны 6 дугаар сарын 5,6-ны өдөр “Новотел” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах ба энэ хуралдаанаар Зүүнхойд Азид эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн бүс нутгийн орнуудын хэтийн төлөвийг хэлэлцэхийн сацуу оролцогч орнуудын илтгэгч бүр хил залгаа орнуудтай тогтоосон эрчим хүчний хэлхээ холбооны хүрээнд сүүлийн үед өрнөсөн үйл явцыг танилцуулах юм.

Мөн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга 2018 оны 9 дүгээр сард болсон ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэр гаргасан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг, бүс нутгийг хамарсан олон талт байгууллага байгуулах саналын дагуу уг олон талт байгууллагыг байгуулах “Хамтарсан мэдэгдэл”-ийн төслийг оролцогч орнуудын Засгийн газрын түвшинд хэлэлцэх бөгөөд үүний үндсэн дээр 2019 оны 9 дүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын Эдийн Засгийн V Чуулганы үеэр уг хамтарсан мэдэгдлийг чуулганы хөтөлбөрт оруулан улмаар чуулганы үеэр уг “Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж баталгаажуулах зорилготой байгаа болно. 

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрчим хүчний салбар хуралдааны Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга М.Мөнхзаяагаас авна уу.

И-мэйл:[email protected]

Гар утас: (976) 99907613