Ё.Баатарбилэг: Багш нар энэ хавар өндөр ачаалалтай ажиллана

Ё.Баатарбилэг: Багш нар энэ хавар өндөр ачаалалтай ажиллана

Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд ЕБС, цэцэрлэг, их дээд сургуулийг түр амраахаар болсон. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газар хуралдан ЕБС, цэцэрлэгийн агуулгад тохирсон цахим болон теле хичээлийн хуваарийг хэлэлцэж, тодорхой болголоо.

БСШУЯС-ын сайд Ё.Баатарбилэг энэ талаар мэдээлэл хийж теле хичээлийг нэвтрүүлэх 18 телевизийг танилцууллаа. Өргөн нэвтрүүлгийн 12 телевизээр 1-12-р ангийн хичээлийг явуулж, үлдсэн зургаан телевизээр цагийг нь зөрүүлж нэвтрүүлэхээр болжээ.

Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой болгосон тул Монгол тв гэх мэт зарим ухрааж үзэх боломжгүй телевизүүдийг ХХЗХ-той хамтран теле хичээлүүдийг үзэх боломжтой болгожээ.

Тэрбээр "402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг 10-20 минут үргэлжлэхээр агуулга, хуваарийг баталсан.

Хөл хорио тогтоосон хугацаанд багш нар заавал сургууль дээр очих шаардлагагүй бөгөөд байгаа газраасаа сурагчидтайгаа холбогдон хичээлтэй холбоотой зөвлөгөөг өгч, ажилласан цагаа тооцуулах юм. Энэ хугацаанд багш нарын цалинг бүтэн олгоно. Харин илүү цаг тооцохгүй" гэсэн мэдээллийг өгч байна. Мөн сурагчдын хичээл, даалгавар зэргийг олон нийтийн цахим сүлжээ бус хувийн, хаалттай фейсбүүк групп, имейлээр холбогдон хүлээн авч, ажиллахыг анхаарууллаа.

Энэ хугацаанд сурагчдын хичээлын агуулгад нийтдээ 20 гаруй хоногийн хоцрогдол үүсэх юм байна. Гэхдээ гуравдугаар улирлын амралтаас долоо хоногийг хасаж, амралтын өдрүүдэд хичээллүүлэх зэргээр агуулгын хоцрогдлыг арилгахаар шийджээ. Тиймээс багш нар хаврын цагт өндөр ачаалалтай ажиллах болсныг мэдэгдсэн юм.

Дөрөвдүгээр сарын эхэн хүртэл долоо хоногийн зургаан өдөр хичээллэнэ.

Харин зуны амралт заасан хугацаандаа эхэлнэ. Ахлах анги зургаадугаар сарын 5-наар, бага, дунд ангиуд зургаадугаар сарын 1-нд эхэлнэ.