УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа

2020-01-30 16:58

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж, улмаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Нууцаар цаасаар санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал гаргажээ. Үүний дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуултал олонхын дэмжлэг авч чадаагүй байна.

Ийнхүү тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан. Харин хуралдаанаас гарч ирсэн Н.Номтойбаяр гишүүн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” гэж мэдэгдсэн. Ийнхүү тэрээр дөнгөж сая  УИХ-аар миний бүрэн эрхийн түдгэлзүүлэх тогтоолыг 65% нь дэмжсэнгүй. Гэхдээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа.

2020-01-30 16:35

Д.Тогтохсүрэн: Н.Номтойбаярын асуудал шийдэгдсэн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэж шийдвэрлэсэн. 

Нууц санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал гаргасан. Үүний дараа тогтоолын төслийг батлах санал хураалтыг илээр явуултал олонхын дэмжлэг авч чадаагүй байна.

Ийнхүү тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авжээ. Мөн Н.Номтойбаяр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгөхөөр болсон юмм. 

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар "Нэгэнт санал хураалтын дүн гарсан учраас асуудал шийдэгдсэн. Тогтоолын төслийг албажуулах бол хэлбэр төдий зүйл. Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Хэрэв ийм хүсэлт гаргавал мөн л намын бүлэг, байнгын хороод, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ" гэлээ.

Харин Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тохиолдолд түүний хүсэлтийг хүлээж авах эсэх асуудлаар бүлэг хуралдах юм байна.

2020-01-30 15:05

Н.Номтойбаяр: Би улс төрөөс бүр мөсөн холдоогүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Хуралдаанд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна. Тодруулбал, 30 гишүүн дэмжиж, 28 гишүүн татгалзсан байна.

Санал хураалтыг цаасаар нууцаар явуулсан билээ. 

Түүнийг хуулийн байгууллагаас хоёр үндэслэлээр шалгаж буй бөгөөд мөрдөн байцаалтын явцад байгаа хэргийг олон нийтэд ил болгосон гэх үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос оруулж ирснийг ийнхүү шийдвэрлэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Би УИХ-аас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өөрийн биеэр өргөн барина. Энэ шийдвэр бол нэгдүгээр сарын 12-ны хэвлэлийн хуралтай зайлшгүй холбоотой зүйл. Ер нь хэлж буй үгэндээ маш хянамгай хандах ёстой юм байна. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буй нь хэн, нэгний дарамт шахалттай холбоотой биш, зохион байгуулалттайгаар намайг хэлмэгдүүлж байгаатай холбоотой. Тийм учраас би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ард түмний бухимдлыг арилгах хэрэгтэй болоод байна. Миний хувьд тодорхой хугацаанд улс төрөөс чөлөө авж байна. Гэхдээ энэ бол бүр мөсөн холдож байна гэсэн үг биш" гэсэн юм.