У.Хүрэлсүх гишүүдээ айлгаж байгаад Н.Номтойбаярыг явуулахыг дэмжүүлжээ

У.Хүрэлсүх гишүүдээ айлгаж байгаад Н.Номтойбаярыг явуулахыг дэмжүүлжээ

-МАН-ЫН ЗАРИМ ГИШҮҮД Н.НОМТОЙБАЯРЫН НҮҮРЭН ДЭЭР
ЭСРЭГ САНАЛ ӨГЧ ЧАДСАНГҮЙ-

Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг өчигдөр өдрийн /2020.1.30/ чуулганы хуралдаанаар хэлэлцээд дэмжлээ. Тодруулбал, хуралдаанд оролцсон 30 гишүүн түүнийг УИХ-аас ЯВУУЛАХЫГ дэмжсэн бол 28 гишүүн АВЧ ҮЛДЭНЭ хэмээн саналаа өгсөн юм. Саналыг нууцаар цаасаар авсан.

Үүний дараа нэг ойлгомжгүй асуудал бий болсон. Тэр нь нууцаар авсан санал хураалтаа баталгаажуулж илээр санал хураахад Н.Номтойбаярыг ЯВУУЛНА гэсэн нөхөд эргэж, буцсан. Ингэснээр Н.Номтойбаярыг түдгэлзүүлж, явуулна гэсэн олонх гишүүний санал баталгаажаагүй юм.

Үүнийг МАК-т өртэй гишүүд нууцаар Н.Номтойбаярыг явуулна гэж санал өгсөн ч нүүрэн дээр нь ил цагаанаар эсрэг санал өгч чадсангүй гэлцэж байв. Ийм ойлгомжгүй байдал бий  болсон учраас Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өөрөө өгч байна, түр улс төрөөс холдож байна хэмээн мэдэгдсэн.

МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “Н.Номтойбаярын асуудал шийдэгдсэн. Нэгэнт нууцаар санал авсан. Авсан саналыг баталгаажуулахад асуудалд үүссэн. Гэхдээ санал авчихсан учраас баталгаажуулах эсэх нь тийм ч чухал биш” гэж хэлсэн.

Гэхдээ л чуулганы хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын дахин яаралтай хуралдаж Н.Номтойбаярын бүрэн эрхээсээ түдгэлзэх өөрийнх нь өргөдлийг хэлэлцэж, шийдвэрлэснээс үзвэл саналыг баталгаажуулах  албагүй гэсэн Д.Тогтохсүрэнгийн үг худал болж таарав. Тэр бүү хэл өчигдөр шөнө чуулганы хуралдаан үргэлжилж Н.Номтойбаярын өргөдлийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 73.6 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр будлиан, маргаантай нууц санал хураалтын шийдвэр эцэслэгдлээ.

-М.ЭНХБОЛД: БУРУУГҮЙ НЬ ТОГТООГДВОЛ БҮРЭН
ЭРХ НЬ ЭРГЭЖ СЭРГЭНЭ-

Өчигдрийн ил болон хаалттай хуралдааны үеэр Н.Номтойбаярт эцсээ хүртэл үнэнч байсан хүмүүс бол М.Энхболд, Ц.Нямдорж нар байлаа. Н.Номтойбаярын бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлийг дэмжих эсэхээр санал хураахад Г.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Ж.Эрдэнэбат, М.Энхболд нар л эсрэг санал өгөөгүй юм. М.Энхболдын 27-ийн бүлгийн гишүүд "залуу хүнд болгомж олгохыг бусад гишүүдээсээ хүсч, буруугүй нь тогтоогдвол бүрэн эрх нь дахин сэргэнэ" гэдгийг сануулсан байна. 

Харин Ц.Нямдорж нээлттэй хуралдааны үеэр “Бүр чөлөөлөөд энэ хүнийг явуулж болохгүй. УИХ-ын дарга та хуралдааныг хуулийн дагуу явуулах ёстой. Ийм байдлаар шийдвэл Үндсэн хууль зөрчсөн болно. Хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Одоо яах гэж хачин юм хийх гээд байгаа юм. Хамгийн аюултай нь, сонгуулийн үр дүнг хянах жишиг тогтоох гэж байна. Чөлөөлөгдөх байсан бол прокурор санал тавихаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй яасан юм бэ. Та нар хамгаалах биш янаглан хорлож байна. Би энд байгаа цагтаа ийм хуйвалдааныг хүлээн зөвшөөрөхгүй. Хожмын урхагтай ийм зүйлд битгий оролцоорой та нар. Би хамгаалж ярьж байгаа юм. Асуудлаа шалгуулчхаад эргээд ажлаа хий гэж байхад хэдэн хоног нүдэж байгаад бүр явуулж байгааг чинь янаглан хорлох гэдэг юм. Их муухай юм болж байна” гэсэн юм.

Тэрбээр ширээ цохиж босч ирэн хуралдааныг хаяж гарчээ. Санал хураалтыг илээр авахаас наана Н.Номтойбаярыг дэмжиж гүйж байсан Л.Болд, Ж.Батзандан болон бусад гишүүд эцсийн цэгт эргэж буцсан байна.

Цаашид юу өрнөх вэ. Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн ч үгүй, намын гишүүн ч үгүй боллоо. У.Хүрэлсүх гишүүдээ айлгаж байгаад Н.Номтойбаярыг явуулахыг дэмжүүллээ. Гэхдээ Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх шалтгаан нь мөрдөн байцаалтад шалгагдаж буй хэргийг ил болгосон гэх ганц асуудал биш бололтой. Түүнийг шалгана, шалгахдаа нарийн өргөн хүрээтэйгээр шалгах болов уу гэсэн хардлага улс төрийн хүрээнд байна.