ДЭМБ буурай орнуудад коронавирусийн халдвар тархахаас сэргийлж онц байдал зарлалаа

ДЭМБ буурай орнуудад коронавирусийн халдвар тархахаас сэргийлж онц байдал зарлалаа

ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод пүрэв гарагт хуралдаж шинэ төрлийн коронавирусний халдвар БНХАУ-аас өөр олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлажээ.

ДЭМБ-ын шуурхай хороо өнгөрсөн долоо хоногт хуралдахдаа шинэ коронавирус хүнээс хүнд халдахгүй байгаа тул олон улсын хэмжээнд онц байдал зарлах шаардлагагүй гэж дүгнэж байсан. Харин долоо хоногийн дотор коронавирусын халдвар БНХАУ-д хурдацтай тархаж дэлхийн бусад улс орнуудад ч өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсэн юм.

Өнөөдөр өглөөний байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо БНХАУ-д 9,480, нас барсан хүний тоо 213-т хүрчээ.

Дэлхий нийтийн онц байдал зарлаж буй нь харьцангуй буурай хөгжилтэй, халдварыг өөрсдийн хүчээр хязгаарлах чадваргүй орнуудад өвчин газар авахаас сэргийлж бусад орны мэргэжилтнүүд зохион байгуулалттайгаар тусламж үзүүлнэ. Мөн иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, гаалийн хяналтыг чангатган шаардлагатай нөхцөлд халдварыг хязгаарлах, эмчилгээг эрчимжүүлэх зорилгоор нэмэлт хөрөнгө босгох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус энэ шийдвэрээ БНХАУ халдварыг тогтоон барьж чадах эсэхэд итгэхгүй байгаа гэсэн үг биш, харин эрүүл мэндийн систем сул хөгжсөн улс орнууд хамгаалах чадваргүй байгаатай холбоотой гаргасан гэж тайлбарласан байна.

ДЭМБ-ын мэдээлснээр хүнээс хүнд халдсан нийт найман тохиолдол Хятадаас бусад улс орнуудад илрээд байна. Хятадаас гадна 18 улсад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 98 болжээ.