Сергей Диордица: Коронавирусийн тархалт буурах магадлалтай байна

Сергей Диордица: Коронавирусийн тархалт буурах магадлалтай байна

ДЭМБ-ын өчигдрийн хуралдаанаар дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн байдлын онцгой байдал үүссэн гэдгийг албан ёсоор зарласан. Үүнтэй холбоотойгоор өглөө эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ЭМЯ-ны коронавирустай тэмцэх хороо хуралдан эрүүл мэндийн чиглэлээр хийж буй үйл ажиллагаа, бэлэн байдлаа улам эрчимжүүлэх, донор орнуудтай хамтарсан хурал хийх зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөжээ.

Энэхүү өвчлөл цаг, минут тутмаар нэмэгдэж одоогийн байдлаар БНХАУ-д өвчилсөн хүмүүсийн тоо 9812-т хүрээд байна.

ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хэлснээр “Коронавирусийн тархалтаас харвал энэхүү өвчлөлийн дэгдэлт нь оргил үедээ хүрээд буцаад буурах магадлал харагдаж байна. ДЭМБ-аас тавьж буй хязгаарлалт гэдэгт нь улс орнууд нэгдмэл зохион байгуулалтанд орох, хуурамч мэдээлэлд авталгүйгээр зөвхөн шинжлэх ухаанд үндэслэх, вирусийг дарах эм, вакциныг хийх ажлыг эрчимжүүлэх зэрэг үйл ажиллагаатай холбон ойлгож болно” гэсэн юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр одоогоор ХӨСҮТ-д тусгаарлагдан хэвтэж буй сэжигтэй тохиолдлын тоо 16 байна.  

Мөн Монгол Солонгосын политехникийн коллежийн хамт олон ЭМЯ-ны гаргасан стандартад нийцсэн 900 ширхэг амны хаалтыг хийн үнэгүй тарааж байгаа бол “Хөх монгол”  принтинг ЭМЯ-аас гаргаж буй бүх зөвлөмжийг үнэ төлбөргүй хэвлэн өгж хамтран ажиллаж байна.

Нэгдүгээр сарын 25-ны өдрийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өдөртэй харьцуулахад Монгол, БНХАУ-ын хилээр гарч буй иргэд, тээврийн хэрэгслийн тоо буурсан. Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, тэдэнтэй ажиллах ажлыг зохион байгуулах дөрвөн баг ажиллаж байгаа бөгөөд нөөц дөрвөн баг бэлэн байдалд ажиллаж байна.

Одоогоор шинэ төрлийн коронавирусийн халдварыг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн буюу могойноос үүсэлтэй гэж таамаглаж байгаа бөгөөд олон орны эрдэмтэд үүсгэгчийг тогтоохоор ажиллаж байгаа. Гэвч албан ёсны хариулт гараагүй хэвээр байна.