Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг батлав.

Тогтоолын төслийг боловсруулахдаа хууль санаачлагчдаас санал авчээ. Ингэхэд Ерөнхийлөгч нэг, МАН-ын бүлэг найм, АН-ын зөвлөл 12, ШИНЭН-ын зөвлөл найм, байнгын хороодоос 44, Засгийн газраас 60 хууль, тогтоолын төслийн нэр ирүүлсэн байна. Энэ дагуу давхардсан саналуудыг нэгтгэн тогтоолын төслийг боловсруулжээ.

Уг тогтоолын төсөлд дурдсанаар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд,

1 /Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2 /“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;

3 /Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

4 /“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5 /““Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6 /Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 

7 /Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8 /Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

9 /Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10 /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

11 /Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12 /Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13 /Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14/ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15 /Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

16 /Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл; 

17 /“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

18 /Бусад.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: -Хаврын чуулган гурван сар орчим хуралддаг. Намрын чуулгантай харьцуулахад харьцангуй богино хугацаатай. Дээрээс нь сонгуулийн жил. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг аль болох цөөхөн тавихыг хичээсэн. Зайлшгүй хэлэлцэх ёстой хуулиуд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор зайлшгүй хэлэлцэж батлах ёстой хуулиудыг оруулж ирсэн гэсэн юм. 

Харин гишүүд өөрсдийн санаачилж, өргөн барьсан хуулиудыг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх ёстой гэсэн байр, суурийг илэрхийлж байлаа.