Бөхийн допингийн асуудлаар ноцтой зүйл ярьсан залуусыг АТГ-т шалгуулахаар болжээ

Бөхийн допингийн асуудлаар ноцтой зүйл ярьсан залуусыг АТГ-т шалгуулахаар болжээ

Энэ сарын 24-ны өдөр Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд допингийн асуудлаар Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮХБ/-нд шаардлага хүргүүлэхээ  мэдэгдсэн. Энэ үеэр тэд нэгэн бичлэгийг үзүүлж үүнд хууль хяналтын байгууллагыг шалгаж өгөхийг хүссэн билээ. Энэхүү бичлэгт зургаан сая төгрөгөөр нэр нь үл мэдэгдэх улсын аваргад допинг зарсан гэх хүний яриа бичигдсэн байсан. 

Тэрхүү бичлэг нь Стар телевизийн “Urban talk” нэвтрүүлгийн нэгэн дугаарын үеэр оролцогчид“Монголд допинг зардаг хэдхэн хүн бий. Хэн гэдэг бөх допинг авч байгаа талаар бүгд мэднэ. Манай нэг найзаас аварга цолтой бөх зургаан сая төгрөгийн үнэтэй тариаг нь нутгийнхаа бөхчүүдэд зараад өгье гэж аваад мурьчихсан гэнэ лээ” гэх ноцтой зүйлийг ярьсан. Харин бөхчүүдийн зүгээс үүнд дургүйцэж буйгаа илэрхийлэн “Хэрвээ үнэн бол хэн гэдэг аварга тийм үйлдэл хийснийг шударгаар хэлэх хэрэгтэй. Хэрвээ худлаа ярьсан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч хариуцлага хүлээх хэрэгтэй” гэсэн юм. Тэгвэл энэ асуудлаар МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав тэднийг АТГ-т өгч, шалгуулахаар болжээ.