Санхүүгийн зохицуулах хорооны  орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томиллоо

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томиллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Т.Цэрэнбадралыг, Хууль зүйн байнгын хорооноос Н.Хүдэрчулуун нарын нэрийг дэвшүүлсэн юм. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Монгол Улсад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, ББСБ-уудын үйл ажиллагааг цэгцлэхэд анхаарч ажиллахыг захив.

Т.Цэрэнбадрал нь 1978 онд Дундговь аймагт төрсөн, 2000 онд  МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 2010 онд Либерти дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуулийн бизнесийн удирдлагын магистр  хамгаалжээ. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд СЗХ-ны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны 09 дүгээр сараас  “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан юм.

Н.Хүдэрчулуун 1981 онд Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай. 1989-1998 онд  Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль, 2000-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн. 2005-2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистрын зэрэг, 2009-2012 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Улмаар 2004-2016 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга, 2017 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.