Коронавирусийн улмаас ЮАНИЙН ханш тасралтгүй унаж 394 төгрөгт хүрэв

Коронавирусийн улмаас ЮАНИЙН ханш тасралтгүй унаж 394 төгрөгт хүрэв

Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр юанийг 392 төгрөгөөр худалдан авч, 394 төгрөгөөр зарж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-ны байдлаар юанийн зарах ханш 400.5 төгрөг болсон. Хамгийн оргил үе нь нэгдүгээр сарын 20-ны үед тохиож Монгол банкнаас юанийн ханшийг 400.66 төгрөгөөр зарлаж байв. 2016 оноос хойш юанийн ханш өсч 400 төгрөг даваагүй байж байгаад нэмэгдсэн нь энэ юм.

Энэ талаар тус захынхан  “Хятадад ам.долларын ханш суларч, юанийнх өсөж байгаа. Энэ нь урд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханш төгрөгийн эсрэг чангарахад голлон нөлөөлж буй болов уу. Мөн өмнөд хөршид Цагаан сар болж, хятадууд амрахаас урьтаж манай наймаа эрхлэгчид тус улсыг зорьж буй нь юанийн эрэлт бага зэрэг нэмэгдэхэд нөлөөлсөн байх” хэмээн өгүүлж байсан юм.

Тэгвэл нэгдүгээр сарын сүүлээр эхлэн юанийн тасралтгүй буурч өнөөдөр 394 төгрөг боллоо.

Ажиглагчдын хэлж буйгаар юанийн ханш цаашид ч унах магадлалтай байна. Учир нь БНХАУ-д дэгдсэн үхлийн аюултай коронавирусийн улмаас тус улс Цагаан сарын баяраа цуцалсан мөн харьцдаг орнууд хилээ хаасан нь юанийн ханшийг ийнхүү унагахад нөлөөлжээ. Нөхцөл байдал улам хүндэрч буй бөгөөд худалдааны эргэлт, уул, уурхайн компанийн хувьцааны ханш бусад томоохон компанийн ханш зах зээл дээр тасралтгүй унаж байгаа юм.

БНХАУ-ын Сангийн яамнаас гаргасан мэдээллээр халдварт өвчний тархалт эхэлснээс хойш сар хүрэхгүй хугацаанд халдварт өвчний эсрэг авч буй арга хэмжээнд Хятадын Засгийн газар болон мужуудын түвшинд нийтдээ 11.2 тэрбум юань буюу $1.6 тэрбум ам.долларыг зарцуулаад байна гэжээ. Энэ нь манай улсын  нэг улирлын экспорттой дүйцэх хөрөнгө юм байна.

Энэ хөрөнгөөр бүх шатны эмнэлгүүдэд шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл авсны зэрэгцээ мөн халдварт өвчний тархалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээнд зарцуулсан гэдгийг мэдээлжээ.

"Хот сууринд хөл хорио тогтоож, амралт зугаалгын арга хэмжээг хориглосон нь Хятад орны бараа, үйлчилгээний эргэлтийг хязгаарласан. Урьдчилан таах аргагүй ч энэхүү онц халдварт, үхлийн аюултай өвчин богино хугацаанд дэлхий даяар сүйрүүлэгч цар хүрээтэй тархах магадлал харьцангуй бага. Харин урт хугацаандаа энэ өвчин дэлхийн зах зээл, бодлого тодорхойлогчдод эрсдэлтэй хэвээрээ" гэдгийг Засгийн газрын мэдээ сонин онцолжээ.

Коронавирусийн тархалттай уялдан БНХАУ-ын төдийгүй дэлхийн эдийн засаг, зах зээлд тулгарах эрсдэлийг үнэлэхдээ өвчний тархалтыг үр дүнтэй хязгаарлах, халдвартай хүмүүсийг эмчлэх, өвчин дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх ажилд гол анхаарлаа хандуулах шаардлагатай гэж дүгнэлээ. Урт хугацааны шинэ хэмжүүрээр авч үзсэн ч дэгдээд буй өвчин БНХАУ-ын дорвитой өсөлт бүхий эдийн засгийн хөгжилд эрсдэл учруулж эхлэв.

Өчигдрийн байдлаар БНХАУ-д амиа алдсан хүний тоо 259-д, вирусийн халдвар авсан хүний тоо БНХАУ-д 11 мянга 791-д хүрчээ

Дэлхийн эрүүл мэндийн байгуулга өчигдөр /2020.01.31/ дэлхий нийтэд онц байдал зарласан билээ.