Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Өнөө шөнө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, маргааш өдөр Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар нэмж хүйтэрнэ. Энэ сарын 3, 6-нд буюу маргаашаас эхлэн Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар, 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи 3, 5, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 4, 6-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Ус цаг уур орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.