Коронавирусийн халдвар авч нас барсан хүний тоо 304 болж өсжээ

Коронавирусийн халдвар авч нас барсан хүний тоо 304 болж өсжээ

БНХАУ-д шинэ төрлийн “Коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсөн хүний нийт тоо 14,380-д хүрч, 304 хүн нас бараад байна” гэж тус улсын Эрүүл мэндийн хорооны өнөөдрийн мэдээлэлд дурджээ.

Нэг өдрийн өмнө 11,791 хүн халдвар авч, 259 хүн нас барсан гэж албан ёсоор мэдээлж байв. Харин энэ тоо өнөөдөр өссөн байна.

Өчигдөр буюу “хоёрдугаар сарын 1-ний шөнө дундын байдлаар шинэ төрлийн коронавирусний халдвар авсан 14 мянга 380 тохиолдол батлагдсан. Үүнээс 2110 хүний биеийн байдал хүнд байгаа бол 304 хүн нас барсан, 328 хүн эмнэлгээс гарсан” гэж мэдээлэлд дурджээ.

Сүүлийн нэг өдөр халдварын 2590 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс тусдаа Хонконгт 14, Макаод 7, Тайваньд 10 тохиолдол илэрсэн байна. Түүнчлэн коронавирусний халдвар авсан байж болзошгүй гэх 190 мянган тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар өвчтөнүүдтэй маш ойрхноос харьцсан гэх 137 мянга орчим хүн хяналтад байгаа аж.