“Монгол комментод V цэцэрлэгийн эрхлэгч ойн баярт бэлдүүлээд байна гэсэн гомдол ирж байсан” гэв

“Монгол комментод V цэцэрлэгийн эрхлэгч ойн баярт бэлдүүлээд байна гэсэн гомдол ирж байсан” гэв

Хоёр хоногийн өмнө/2020.02.05/Дархан уул аймгийн Дархан суманд нэг айлын бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж эндсэн харамсалтай хэрэг гарсан. Хэргийн ул мөрийг тодруулбал Орхон аймгийн иргэн Ч-ийнх Дархан суманд айлын хажуу өрөө түрээслэн амьдардаг бөгөөд ажлаас нь дуудсан учир хүүхдүүдээ харгалзах хүнгүй гэртээ үлдээн явах хойгуур тус харамсалтай хэрэг болжээ. Эхний дуудлага 17 цагийн үед тус аймгийн Онцгой байдал /ОБ/-ын  албанд ирсэн байна.

ОБ-т "хүүхдүүд эндсэн дуудлага"-ыг Эрүүл мэндийн төвийн яаралтай түргэн тусламжийн жолооч Б.Жавхланбүргэд өгчээ. 

Дуудлагын дагуу ОБ-ын аврагчид 17:30 минутын үед очиход угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж, гоожин шалнаас 2.5 см дээш тунаж уур савссан байдалтай байжээ.

ОБ-ын ажилчид хамгийн түрүүнд тухайн байрны цахилгааныг салгасан аж. Учир нь шалаар тархсан ус цахилгааны эх үүсвэрт холбоотой байсан уртасгагчид хүрснээр хүчдэлд цохиулсан байж болзошгүй байжээ.

ХҮҮХДҮҮД КРАНТНЫ ХАЛУУН УСЫГ НЭЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
ГЭЖ ТААМАГЛАЖ
БАЙНА” ГЭЛЭЭ

Харин нас барсан таван настай Я, дөрвөн настай А , нэг нас зургаан сартай Ц нарын цогцсыг яаралтай түргэн тусламжийн төвөөс аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэсэн байжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр хүүхдүүд халуун усыг нээсэн байж болзошгүй талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат мэдээлсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр хүүхдүүд халуун усанд түлэгдсэн, цахилгаанд цохиулснаас амиа алдсан гэх мэт мэдээллүүд тархсан. Гэвч хүүхдүүд амиа алдсан хэргийг эцэслэн тогтоогоогүй, цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүйг аймгийн Цагдаагийн газрын ажилтан Ж.Баярцэцэг мэдэгдлээ.

TV9 ТЕЛЕВИЗИЙН МОНГОЛ КОММЕНТ НЭВТРҮҮЛГИЙН ҮЕЭР “ТАВДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ ХОРИО ЦЭЭРИЙН ҮЕЭР ОЙН БАЯРТ БЭЛДҮҮЛЭЭД БАЙНА ГЭСЭН ГОМДОЛ УДАА ДАРАА ИРЖ БАЙСАН” ГЭВ

Энэхүү хэргийг олон талаас нь тайлбарлан бичиж байна. Хүүхдээ харгалзах хүнгүй үлдээсэн ээжийн хариуцлагагүйгийнх гэх, хуучирч муудсан паараа засуулаагүй байрны эзний буруу гэх. Мөн Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч н.Дэлгэрсайханы хорио цээрийн үед ажилчдаа дуудсанаас болсон гэж эх сурвалжууд үзэж байгаа юм.

Тодруулбал халдварын тархалттай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл Дархан сумын Тавдугаар цэцэрлэгийн 50 жилийн ойн урлагийн тоглолтод бэлдэнэ гэж эрхлэгч н.Дэлгэрсайхан ажилчдаа дуудсан хойгуур энэхүү хэрэг гарсан гэж тус цэцэрлэгийн багш Ч.Мөнхтуяа мэдээлсэн юм.

Засгийн газрын шийдвэрийн дагуу ирэх сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийн цуглаан, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон учир өнгөрсөн долоо хоногоос багш нарыг амраасан байжээ. Цэцэрлэгийн эрхлэгч үнэхээр 50 жилийн ойн урлагийн концертод бэлтгэхээр дуудсан эсэх нь албан ёсоор тодорхой болоогүй ч тус цэцэрлэгийн хэд хэдэн ажилтан үүнийг баталж байгаа юм.

Харин эх сурвалжийн хэлснээр “Үйлчлэгч багш нэгдүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд ажлаас чөлөө авч хүүхдүүдээ аав, ээждээ хүргэж өгөхөөр чөлөө авсан учраас 14 цагт дуудсан. Цэцэрлэгийн эрхлэгч хоёр цаг дуудах хооронд ийм асуудал болсон байна. Чөлөө аваад хүүхдүүдээ хүргэж өгсөн гэж ойлгосон учраас тус ажилтныг дуудсан гэж мэдээлсэн” гэсэн юм.

Мөн орон нутгийн иргэдийн мэдээлснээр TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн үеэр “Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч ойн баярт бэлдүүлээд байна гэсэн гомдол удаа дараа ирж байсан” гэсэн юм. Үүнийг шалгуулахаар ажлын хэсэг томилон ажиллаж байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээлэл өглөө.

Хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа тул аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Одоогоор охидын ээжийнх нь биеийн байдал хүнд, цочролын байдалтай байгаа юм байна. Мөн нутгийн иргэд талийгаачдын ар гэрт туслахаар хандив цуглуулж эхлээд байна.

Хүүхдээ хараа хяналтгүй орхисон, эвдэрч муудсан паараа засуулаагүй, хорио цээрийн үеэр 50 жилийн ойн концертод бэлдүүлэхээр ажилчдаа дуудсан гэх мэт аман үгсийн аль нь ч  албаны мэдээллээр батлагдаагүй байна. Гэвч энэ хэргийн цаана олон хүний хариуцлага яригдана. Хэд хэдэн хүний хариуцлагагүй байдлаас нялх үрсийн амь эрсэдсэн нь тун харамсалтай. Бид хэргийн талаар цаг тухайд нь үнэн бодит мэдээллийг хүргэх болно.