2006 оны хорин мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татахаар боллоо

2006 оны хорин мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татахаар боллоо

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20.000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэх хэрэг гардаг юм байна.

Иймээс уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоох бөгөөд  иргэд 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулах боломжтой.

2006 оны 20000 төгрөгийн дэвсгэрт нь  ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй иргэд дээрх заасан хугацаанд солиулж авах эрхтэй юм.

Харин нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50 болон 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд Монгол банк орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар болсон байна. Шинэчлэн сайжруулсан 50-т болон 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж, банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргах юм байна.