Талийгаач охидыг өнөөдөр хөдөөлүүлжээ

Талийгаач охидыг өнөөдөр хөдөөлүүлжээ

Энэ сарын 6-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд нэг айлын гурван охин гэртээ эндсэн харамсалтай явдал болсон. Өнөөдөр охидыг аав ээжийнх нь нутаг болох Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хөдөөлүүлжээ.

1-5 насны гурван охин чухам ямар шалтгаанаар гэртээ амиа алдсан талаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газар болон прокуророос тодруулахад “Хэргийг шалгаж байгаа учир ямар ч мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.

Бага насны гурван охиноо алдсан залуу гэр бүл Дархан хотын төвд амины орон сууцны доод давхрын нэг өрөөг түрээслэн амьдардаг байсан гэж мэдээлэл бий. Иймд энэ гэр бүлийг байртай болгох санаачилга Дарханд хотод өрнөж байна.

Иргэнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулан, хандив цуглуулж эхэлжээ. Ажлын хэсэгт аймгийн ЗДТГ-ын нярав У.Болорчимэг, талийгаач охидын нагац эгч болон “Залуу ээжүүд” ТББ-ыг төлөөлөн н.Ууганцэцэг, н.Золзаяа, н.Нарангарав нар багтжээ. Тэд нэг сарын хугацаатай дундын хадгаламжийн данс нээсэн байна. Одоогоор энэ дансанд 6 сая төгрөг төвлөрсөн гэв. Хэрэв нэг сарын хугацаанд байр авахад хүрэлцэх мөнгө цуглахгүй бол хадгаламжийн дансны хугацааг дахин сунгах ажээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Иргэдийн хурлын дарга н.Барамсай “Нэг иргэн мянган төгрөг” аяныг өрнүүлж байна. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Залуу ээжүүд-Манлайлал” фейсбүүк хуудаснаас авж болох юм байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

34 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө