ФОТО: Эрдэнэс Тавантолгойн санхүүжилтээр бүтсэн "Вакумжуулсан хагалгааны өрөө"-тэй танилцлаа

ФОТО: Эрдэнэс Тавантолгойн санхүүжилтээр бүтсэн "Вакумжуулсан хагалгааны өрөө"-тэй танилцлаа

Хариуцлага гэх үгэнд хамгийн дургүй хүмүүс улс төр, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт оройлбол нийгмийн хөгжилд “дөнгө” зүүж орхидог. Харин том, жижиг гэж “өөрийгөө” голохгүй үнэнч шударгаар үүргээ ухамсарлан нийгмийн хөгжилд тустай зүйлсийг бүтээгчдийн ачаар эрүүл мэнд, боловсрол, спорт гээд бүхий л салбарт хөгжлийн өчүүхэн гал асаж, түүдэг болон дүрэлздэг. Төлөвлөсөн ажлаа гал болгон асааж түүдэг болон дүрэлзүүлсэн нэгэн байгууллагын нийгмийн хариуцлагаа ухамсарлан хийсэн бүтээн байгуулалт бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн вакумжуулсан хагалгааны өрөө. Бид энэхүү өрөөг сурвалжилахаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьсон юм.

Ханиад шуухинаа, хатгаа томуу ихэссэн ачаалал ихтэй өдрүүдэд биднийг хүлээн авахгүй  л болов уу гэж бодсон ч бяцхан найдлага өвөртөлсөөр очиход аз болж Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч Х.Урангуа эмчийн хагалгаагүй цаг таарч бидэнд өрөөг танилцуулсан юм.

Улсын эмнэлэгт төдийлөн харахгүй автомат хаалга, зориулалтын гар ариутгагч угаалтуур, тусгай ариутгалын өрөө, нян бактери үрждэггүй хана, шал гээд дэлхийн стандартад нийцүүлсэн хагалгааны өрөө биднийг угтсан юм.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн вакумжуулсан хагалгааны өрөөг 2019 онд Эрдэнэс Таван Толгой хувьцаат компани тохижуулж өгчээ. Ашиглалтад орсноос хойш 268 хагалгааг алтан гарт эмч, сувилагч, энэхүү өрөөнд амжилттай хийсэн байна.

-Танай эмнэлэгт хэдэн төрлийн хагалгаа хийгддэг вэ. Энэхүү вакумжуулсан өрөөнд хэдэн төрлийн хагалгаа хийж байна?

-Манайд дурангийн хагалгаа, хэвлийн хагалгаа, кисар хагалгаа хийгддэг. Энэ өрөөнд ихэвчлэн дурангийн болон кисар хагалгаа хийгдэж байгаа.

-Хагалгааны вакуумжуулсан өрөө гэдэг нь энгийн өрөөнөөс юугаараа ялгарах вэ?

-Хагалгааны энгийн өрөөнд мэс засал хийж дууссаны дараа нян бактерийг устгаж бүрэн халдваргүйжүүлэх нь хамгийн чухал байдаг. Учир нь өрөөг сайн цэвэрлэхгүй бол дараагийн өвчтөнд халдвар орох магадлал маш өндөр. Харин вакуумжуулсан хагалгааны өрөөнд  нян бактери үржихгүйгээс гадна, хагалгааны дараах эрсдэл үгүй болж байна гэсэн үг.

-Вакуумжуулсан хагалгааны өрөөний гол давуу тал нь юу вэ?

-Өмнө нь бид хагалгааны дараа өрөөг цэвэрлэхэд 20 минут, цэвэрлэсэн өрөөгөө ариутгахад мөн л 20 минут, нийлээд 40 минут хүлээн дараагийн хагалгаагаа хийх боломжтой болдог байсан. Мөн өвөл цонх онгойлгон агаарын солилцоо явуулах боломжгүй тул дан агаарын цацлага хэрэглэдэг. Харин вакуумжуулсан өрөөний агаар солилцооны систем хагалгааны дараа бохир агаарыг сорж, шууд халдваргүйжүүлж цэвэршүүлж ажилладаг. Тэгээд үйлчлэгчийн цэвэрлэгээ хийгдэж дараагийн хагалгаандаа шууд орох боломжтой болдог. Яаралтай хагалгааны үеэр цагийг маш сайн хэмнэж чадаж байгаа. Мөн зай талбайн асуудлыг шийдэж өгсөн. Вакуумжуулсан өрөө зай талбай том, тусдаа гар угаах болон, ариутгалын өрөөтэй.

Каталктай (өвчтөнийг зөөдөг тэрэг) эргэхэд маш чөлөөтэй байдаг болохоор өвчтөнүүдээ зөөхөд илүү амар болсон. Каталктай өвчтөнийг хаалгаар төвөггүй оруулж ирж байгаа. Мөн агаарын хоолой суурилуулж өгсөн нь эмч нарт ээлтэй зүйл болсон. Хагалгааны үед нүүрстөрөгчийг ханаар дамжуулан шууд авчихдаг болохоор эмч нарын толгой өвдөхгүй амар болсон.

-Тэгэхээр цаг хэмнэхээс гадна хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа юм байна?

-Тэгэлгүй яахав. Хагалгааны явцад эмч нар зориулалтын бус пилтаан шалан дээр халтирах, стандарт бус жижиг хаалгаар хүн зөөхөд тохойгоо шалбалах гээд л хүндрэл их байсан. Жижигхэн хаалгаар нацилктай хүн  зөөн оруулахад хэцүү тул заримдаа эмч, сувилагч нар тэврээд оруулах ч тохиолдол бий. Одоо бол хөл мэдрэгчээр хаалга онгойдог тул эмч гараа ариутгасны дараа сувилагчаар хаалга онгойлгох шаардлагагүй болсон. Нөгөө талаар стандартад нийцсэн өрөөнд хагалгаа хийх,хийлгэх, стандартад нийцсэн өрөөг цэвэрлэх гээд эмч-үйлчлэгч-өвчтөн гурвын сэтгэл ханамж, итгэлцлийг илүү өндөрт өргөж байгаа юм шүү дээ.

-Вакуумжуулсан өрөөний шал, хана энгийн өрөөнөөс өөр байсан. Юугаараа ялгаатай вэ?

-Хуучин пилтаан шал болон хана байсан бол одоо зориулалтын нян бактери үрждэггүй шал, ханатай болсон. Бас хальтардаггүй. Үйлчлэгч ханыг нэг бүрчлэн ариутгадаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй болсон. Шал, хана өөрчлөгдсөн. Мөн температур тохируулагч бий. Төрөх гэж буй эхийг дааруулахгүй байх нь чухал шүү дээ. Тиймээс температураа хүссэнээрээ өөрчилж болно. Багаж хэрэгслээс гадна хамгийн том ялгаа нь хагалгааны дараах халдварын эрсдэл үгүй болсон. Бид тандалт судалгаа хийхэд вакуум өрөөнд хагалгаа хийлгэсэн өвчтөнүүдэд хагалгааны дараах халдвар огт ажиглагдаагүй.

Өмнө нь

Дараа нь

-Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд нийт хэдэн хагалгааны өрөө байгаа вэ. Хэрвээ бүх өрөөг вакуум болговол ямар давуу талтай вэ?

-Манайд нийт долоон хагалгааны өрөө байгаагаас нэгийг нь Эрдэнэс Таван Толгой ХК ийнхүү вакуумжуулж өгсөнд үнэхээр баяртай байгаа. Хэрэв үлдсэн өрөөнүүд маань ийм болчихвол бид ажлаа төгс хийж чадна гэсэн үг. Цаг хугацааг хэмнэхээс гадна, ажилчдад маань ч урамтай, сэтгэл, итгэл дүүрэн ажиллахаас гадна өвчтөнүүдэд ч тав тухтай орчин бүрдэнэ шүү дээ.

“25 жил ажиллахдаа стандарт хангасан ийм тав тухтай өрөөнд хагалгаа хийж байгаагүй” гэж ярих Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч Х.Урангуа бахархсан, баярласан өнгөөр инээмсэглэн бидэнд хагалгааны өрөөг танилцуулсан юм. Нэг байгууллагын нийгмийн хариуцлагаа ухамсарлан хийсэн бүтээн байгуулалтын үр дүнд мянган үрс аюул осолгүй төрж, маш олон ээжүүд эрүүл саруул болж, алтан гартай эмч нар ч санаа зовних зүйлгүй ажиллаж байгаа нь бахархмаар байлаа. Хэрэв байгууллага бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж чадвал,  улс орон маань урагшлан хөгжих нь гарцаагүй биз ээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө