Венесуэл 20 тонн алтаа өрөндөө хураалгажээ

Венесуэл 20 тонн алтаа өрөндөө хураалгажээ

Германы  Deutsche Bank  Венесуэлийн 20 тонн алтыг хураасан талаар Блүмберг агентлаг мэдээллээ.

2016 онд Венесуэл улс энэ банкнаас 750 сая ам.долларыг бэлнээр зээлэхдээ 20 тонн алт барьцаалсан байна. Зээлийг эргэн төлөх хугацаа 2021 онд дуусах хэдий ч Венесуэл гэрээний нөхцлийг биелүүлэлгүй, хүүгийн төлбөр төлөөгүй аж. Тиймээс  Deutsche Bank  барьцаанд тавьсан алтыг хурааж, өрийг хугацаанаас нь өмнө дарах шийдвэр гаргажээ.

Гэхдээ энэ банкны төлөөлөгчид нөхцөл байдлын талаар тайлбар хийхээс татгалзсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөгчид Deutsche Bank -тай хэлэлцээр хийж, 120 сая ам.доллар төлөх хүсэлт гаргажээ. Энэ нь алтыг авсан үеэс хойш ихэссэн алтны үнийн зөрүүг нөхнө гэж Венесуэлийн улс төрчид үзэж байгаа юм байна.

Энд дуулгахад, сүүлийн жилүүдэд Венесуэлд эдийн засаг болон улс төрийн хямрал нүүрлээд байгаа юм.

Өнгөрсөн онд тус улс газрын тосны борлуулалтаас 29,8 тэрбум ам.доллар олсон нь өмнөх онтой харьцуулахад 5,6%-иар бага байсан талаар тус улсын Төв банк саяхан мэдээлсэн.

Түүнчлэн 2013-2018 оны хооронд буюу Николас Мадуро төр барьж байх хугацаанд Венесуэлийн эдийн засаг 47,7 хувиар буурчээ.

Венсуэлийн эдийн засгийн хүндрэлүүд 2014 онд газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ эрс унасантай холбоотой гэж болно. Газрын тосны үнийн уналтын улмаас тус улсын гол бүтээгдэхүүн болох газрын тосны экспортоос олох орлого эрс буурсан байна. Үүний зэрэгцээ компаниудыг төрд шилжүүлэх явцыг эрчимжүүлж, “тоглоомын дүрэм”-ийг байнга өөрчилж гадаадын хөрөнгө оруулагчдыг  Венесуэлээс бараг л хөөн гаргасан юм. 

Гэвч энэ асуудлуудыг шийдэхийн оронд төсвийн хомсдлыг бууруулах, олон тооны нийгмийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд Венесуэлийн төв банк бэлэн мөнгө ихээр хэвлэсний улмаас инфляцийг нэг мөр хөөргөдсөн.

Тус улсын Төв банк саяхан гаргасан мэдэгдэлдээ, Венесуэл дэх инфляцийн түвшин 2018 онд 130 мянга хүрсэн гэж мэдээлсэн бол ОУВС энэ нь хэд дахин бууруулж мэдээлсэн тоо гээд, 2018 онд тус улсад инфляцийн түвшин 1,3 саяд хүрсэн бол энэ онд 10 сая орчим хувьд хүрнэ гэж мэдээлсэн байна.