Н.Өнөрцэцэг: Би Ж.Энхбаяр гишүүнийг гүтгээгүй

Н.Өнөрцэцэг: Би Ж.Энхбаяр гишүүнийг гүтгээгүй

Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төрчид, эрх мэдэлтнүүд нь сэтгүүлчид болон хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа асуудлаар zarig.mn мэдээллийн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр ЦЕГ-ын Нийтийн хэв журмын газрын гадаа мэдээлэл хийлээ.

Zarig.mn сайт “УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувь эзэмшдэг “Ханлигтайшир” компани БНХАУ-аас хууль бусаар 800 хятад иргэнийг оруулж ирсэн 51 компанийн нэг мөн” гэсэн  мэдээг нийтэлсэн байдаг. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэдээлэл авсан эх сурвалжаа хэлэхийг шаардан хоёр дахь удаагаа цагдаад мэдэгдэж одоогоор мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа аж.

Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэлэхдээ “Ж.Энхбаяр гишүүн уг иргэдийг манай компани оруулж ирээгүй гэсэн баримтуудыг харуулахыг хүсэхгүй байна. Зөвхөн энэ мэдээллийг өгсөн цагдаагийн албан хаагчийг хэл гэж надаас шаардаж байна. Хуулийн дагуу би эх сурвалжаа хэлэх ёсгүй учраас байцаалт өгөхөөс татгалзсан. Тиймээс олон нийтэд “Ханлигтайшир” компани энэ хэрэгт холбоогүй гэсэн баримтаа дэлгэх хэрэгтэй. Мэдээж би Ж.Энхбаяр гишүүнийг огт үндэслэлгүй гүтгээгүй. Надад баримт бий. Тиймээс сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас уяж залхаах, зоригийг нь мохоох ийм явуургүй үйлдэл битгий гарга” гэсэн юм.

-Б.МЭРГЭН: СЭТГҮҮЛЧИД ЭХ СУРВАЛЖАА НУУЦЛАХТАЙ ХОЛБООТОЙГООР БИЕ ДААСАН ХУУЛЬ ГАРГАХ НЬ ЧУХАЛ-

Харин хуульч Б.Мэргэн “Сүүлийн үед улс төрчид, өндөр албан тушаалтнууд энэ чиглэлээр их гомдол гаргах болсон. Гэхдээ гол асуудал нь өөрсдийгөө хамгаалах баримтыг гаргаж ирэлгүй гүтгэсэн гэж үзээд байгаа хүнээсээ бүх баримтыг шаардаад байдаг. Чухамдаа тэр баримт энгийн иргэн, сэтгүүлчдэд амар олдохгүй. Тиймээс аль аль талаасаа баримтуудаа гаргаж ирж, хууль цагдаагынхантай шударгаар хамтран ажиллах ёстой. Олон улсад сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах эрхтэй. Үүнтэй холбоотой бие даасан хуулиудыг хүртэл гаргаж байгаа. Харин манай улсад энэ талаар их дутмаг, тодорхой зүйл заалт байдаггүй учраас асуудал их үүсдэг” гэж мэдээллээ.

“ЭНЭ ЗАРИГ.МН-ИЙ, ЭСВЭЛ ГАНЦ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН АСУУДАЛ БИШ”

Түүнчлэн сэтгүүлч Н.Өнөрцэцэг, “Манай сайтад өнгөрөгч онд 14, 2020 он гарснаас дөрвөн албан тушаалтан “гомдсон”. Тэдний 14 хэрэг нь хэрэгсэхгүй болсон бол, дөрөв нь мөрдөн байцаалтын шатандаа явж байна” гэдгийг онцлоод, “Энэ бол ганц Зариг.мн-ий юм уу, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал биш. Нийт ард түмний эрх ашигт заналхийлж буй хэрэг” хэмээв.