Сайн мэдээ: АНУ-ын эрдэмтэд Covid-19 вирусийн эсрэг вакцин гаргаж авахад ойрхон иржээ

Сайн мэдээ: АНУ-ын эрдэмтэд Covid-19 вирусийн эсрэг вакцин гаргаж авахад ойрхон иржээ

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего дахь биотехнологийн “Inovio Pharmaceuticals” компани коронавирусийн эсрэг вакциныг гаргаж авахад тун ойртсон талаар тус улсын “CBS” телевиз мэдээллээ.

Хятадын эрдэмтэд өнгөрөгч нэгдүгээр сарын 19-нд “Covid-2019” вирусийн генийн дарааллыг олж тогтоон, ДЭМБ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу олон улсын эрдэмтэдтэй шинэ нээлтээ шуурхай хуваалцсан билээ. Ингээд үүнээс ердөө гурван цагийн дараа “Inovio Pharmaceuticals”-ын эрдэмтэд уг вирусийн эсрэг эсийн төвшинд үйлчлэх вакциныг боловсруулж чадсан байна. Тус компанийн лабораторид нь өмнө нь зика вирус, “MERS” болон эбола вирусийн эсрэг вакциныг гарган авч байв.

Одоогоор “Covid-2019” вирусийн эсрэг энэхүү вакциныг хулгана болон гахайн дээр туршжээ. Цаашид халдвар авсан өвчтөнүүд дээр клиник туршилт хийхээр холбогдох зөвшөөрлүүдийг хүссэн байна. Вакциныг боловсруулсан эрдэмтэд шинэ нээлтээ биологийн программ хангамж шиг ажиллана гэж найдаж байгаа аж. Учир нь энгийнээр тайлбарлавал уг вакцин нь хүний дархлааны системийн хариу урвалд гол үүрэг гүйцэтгэдэг “Т” хэлбэрийн эсэд “Covid-2019” вирусийн эсрэг дайралт хийж, устгах заавар өгөх зарчмаар үйлчилдэг байна.

Энэ талаар “Inovio Pharmaceuticals”-ын судалгаа хариуцсан захирал, доктор Тревор Смит “Бид үүнийг л хийхийн тулд бэлтгэгдсэн. Мөн манай лабораторид вакцин гаргаж авах тоног төхөөрөмж, нөөц бололцоо, туршлагатай эрдэмтдийн баг бүгд бий. Бидэнд өөрсдийн боловсруулсан тусгай алгоритм байдаг. Үүнийхээ тусламжтай БНХАУ-ын эрдэмтэд "Covid-2019" вирусийн генийн дарааллыг амжилттай тодорхойлсны дараа бид вакциныг хурдан хугацаанд боловсруулж чадсан. БНХАУ-д өнөөдөр уг өвчний халдвараар өвчилсөн хэдэн мянган хүн хөл хорионд орсон байдалтай байна. Иймэрхүү үед бидэн шиг эрдэмтдэд вакциныг яаралтай гарган авах шаардлагатай гэх зүйл хамгийн түрүүнд бодогддог” гэжээ.

Цаашид клиник туршилтын ажил төлөвлөгдсөний дагуу явбал коронавирусийн эсрэг вакцин ирэх зуны эхэн үе гэхэд эмнэлзүйн хэрэглээнд нэвтрэх боломжтой гэж үзэж байгаа аж. Хэрэв ийнхүү вакциныг түргэн хугацаанд зах зээлд нийлүүлж чадвал энэ нь хүн төрөлхтний түүхэнд тахлын эсрэг вакциныг хамгийн хурдан хугацаанд гарган авсан амжилт болж тэмдэглэгдэх юм. Мөн “Inovio Pharmaceuticals”-ын эрдэмтдийн баг энэ өдрүүдэд Швед улсад болж буй “Covid-2019” тахлын эсрэг авч хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах ДЭМБ-ын уулзалтад тэргүүлэх нөлөөтэй оролцож байгаа аж.