Facebook компаниас "Ebyzy" пейжийн админы данс руу "хандивын мөнгө шилжсэн" гэсэн хариуг өгчээ

Facebook компаниас "Ebyzy" пейжийн админы данс руу "хандивын мөнгө шилжсэн" гэсэн хариуг өгчээ

Бяцхан охин Б.Амингэрэлд туслах зорилгоор фейсбүүкийн зуун мянга гаруй дагагчтай “EBYZY” гэх пейжийн админ “SaveforAmingerel” Fundraiser үүсгэн сошиалаар хандив цуглуулж байсан. Гэтэл цугларсан хандивын мөнгийг охины ээж, аавд өгөөгүй бөгөөд холбоо барих гэхэд “блок” хийж хувийн хаягаа устгасан талаар охины аав Э.Батмөнх мэдээлсэн гэж бид өмнө нь бичиж байсан.

Тухайн үед Facebook-ээр мөнгөн гүйлгээ хийхийг зөвшөөрдөг АНУ, Европын Холбооны улсууд болон Австрали тивээс хэдэн зуун хүмүүс хандив өгч ойролцоогоор 19000 доллар цугларсан байна. Ebyzy пейжийн админ “Фэйсбүүкээр явагдсан хандивт ямар ч данс холбогдоогүй байсан учир удалгүй устсан” гэсэн тайлбар хийсэн.

Харин охины аав Э.Батмөнх Фейсбүүк-д гомдол гаргахад Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн “Хүмүүсийн хандивласан мөнгө хандивын хуудсыг үүсгэсэн хүнд нэгэнт шилжсэн ямар нэгэн буцаан олголт хийх боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.

Хандивын хуудсыг  данс холболгүй нээж болдог ч, ингэж нээсэн тохиолдолд хандив өгсөн хүмүүсийн мөнгө ажлын зургаан хоногт буцаагдан өөрсдийнх нь дансанд ордог. Гэвч энэ хугацаанд бусад хандив өгсөн  хүмүүсийн дансанд ямар ч мөнгө олгогдоогүйг эх сурвалжууд баталж байлаа. Мөнгө ямар төлбөрийн хэлбэрээр шилжиж орсныг Facebook компаниас асуусан ч хэрэглэгчийн хувийн мэдээлэл тул дэлгэж болохгүй гэсэн байна.

Амингэрэл охины хувьд биеийн байдал нь сайн байсан ч дархлаа маш муу болсон учраас багахан халдвар авахад л биеийн байдал нь хүндрэх магадлалтай. Саяхан сэхээнд орж  эмчилгээний гэнэтийн зардал 40 сая вонн болсон байна.

Охины аав хэлэхдээ “Охиныхоо эмнэлэгт үзүүлэх мөнгийг сар, сард нь ажил хийж олдог ч эмчилгээний гэнэтийн их төлбөр гарсан тул байдаг бүхнээ шавхан, арга мухардсан” гэсэн юм.

Ebyzy гэх пейжийн админыг цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдсэн ч "шалгаж байна" гэсэн хариуг удаа дараа өгсөн байна.