Оюутан Б.ХУЛАН: Тайваньд гадны иргэд 7 хоногт ХОЁР удаа л маск худалдан авах эрхтэй байна

Оюутан Б.ХУЛАН: Тайваньд гадны иргэд 7 хоногт ХОЁР удаа л маск худалдан авах эрхтэй байна

БНХАУ-д дэгдээд буй үхлийн аюултай коронавирус буюу Covid-19 вирусийн халдвар Дэлхий дахины анхаарлыг татаад буй. Харин манай улсад өнгөрсөн долоо хоногт дээрх вирусын халдвартай холбоотойгоор олон шийдвэр, үйл явдал болж өнгөрсөн. Улсын Онцгой Комисс хуралдан "Цагаан сарын баяр"-ыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан бол уг шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга үүнтэй холбогдуулж зарлиг гаргасан юм.

Харин Засгийн газар энэ долоо хоногийн Лхагва гарагт хуралдаж энэ оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл БНХАУ болон Монгол улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчих тээврийг бүрэн хаах гэнэтийн шийдвэр гаргасан юм.

Манай улс энэ сарын 1-нд халдварт өвчний голомт гэгдээд буй Ухань хотоос 31 иргэнээ авчирсан ч Сингапур, Тайвань, Хонгконг зэрэг хот улсуудад Монгол улсын иргэд байсаар байгаа юм. Харин тэд ирэх сарын 02 ны өдрийг хүртэл Монгол улсдаа ирэх боломжгүй болоод байна.

Иймд бид энэхүү иргэдийн төлөөлөл болгож Тайвань улсын Юан-Лин хотод байрладаг “Da-Yeh” их сургуулийн оюутан Б.Хулангаас тус хотын нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Учир нь тэрээр өчигдөр /2020.02.14/ Монголдоо ирэхээр төлөвлөж байсан ч Монгол-БНХАУ-ын хил хаагдсан тул түүнийг нислэгийг цуцлаж, төлбөрийг нь буцаасан байжээ. 

ЭНД ГАДААД ИРГЭД 7 ХОНОГТ ХОЁР Л УДАА МАСК ХУДАЛДАЖ АВАХ
ЭРХТЭЙ. ХОЁР ШИРХЭГЭЭС ДЭЭШ МАСК АВАХ БОЛОМЖГҮЙ

-Сайн байна уу? Тус хотод одоогоор нөхцөл байдал ямар байна?

-Сайн байна уу. Одоогоор Тайваньд вирусийн халдвараар өвчилсөн 18 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй тохиолдлын тоо 247-д хүрээд байна. Харин миний амьдарч буй энэ хотод одоогоор бүртгэгдээгүй. Гэхдээ мэдээж урьдчилан сэргийлэх үүднээс бүх хүн амны хаалт хэрэглэж, гадуур явахаа багасгасан.

-Тус хотод амны хаалтны хүртээмж хэр байна?

-Ер нь маскны олдоц муу байгаа. Өчигдрөөс эхлээд дэлгүүрүүдээр маск зарахыг хориглосон байсан. Ойр байрлах эмийн сангуудад маск ирэхгүй, орох болгонд л байхгүй гэсэн хариуг авч байна. Тэгээд хол байрлах эмийн сангууд руу явж маск авч байгаа. Гэхдээ энд вирусийн эсрэг хамгийн сайн гэгдээд байгаа N95 төрлийн маск бүр олдохоо байсан. Нэг удаагийн л маск авч хэрэглэж байна.

Энд гадаад иргэд 7 хоногт хоёр л удаа маск худалдаж авах эрхтэй. Авахдаа оршин суух үнэмлэх эсвэл эрүүл мэндийн даатгалаа үзүүлээд хоёр ширхэгийг л авдаг.

ӨЧИГДӨР ГЭНЭТ МОНГОЛ УЛС ХИЛЭЭ ХААСАН ГЭДГИЙГ МЭДЭЭД АЙДАС ТӨРСӨН

-Сургууль чинь хэзээнээс хэдэн хүртэл хөл хорио тогтоосон бэ? Одоогоор танай байранд хэдэн Монгол оюутан байна?

-Сургууль албан ёсоор хоёрдугаар сарын 11-нд орох ёстой байсан ч гуравдугаар сарын 2-н хүртэл орохыг хориглосон. Одоогоор манай байранд 10-аад Монгол оюутан байна.

-Тэд бүгд Монголдоо ирэх хүсэлтэй байна уу? Яагаад өмнөх хугацаанд улсдаа ирж чадаагүй юм бэ?

-Бид бүгд магистараар сурдаг, бас энэ жил төгсөх болохоор хичээлтэй холбоотой хийж гүйцэтгэх ажил их байсан. Гэхдээ нөхцөл байдлыг ингэж хүндэрнэ гэж бодоогүй. Ар гэрээс маань биднийг дуудаж Цагаан сараас өмнө гэртээ харих бодолтой байсан. Гэвч  өчигдөр Хонгконгоор дамжин нисэх ёстой байсан ч онгоцны нислэг цуцлагдсан. Энэ үед нөхцөл байдал хүндэрчихсэн байна гэдгийг мэдээд айдас төрсөн.

-Одоо тус оюутнууд яах бодолтой байна?

-Одоо ямартай ч “Тайвань дах монгол оюутнууд”-ын групп дээр монгол явах хүсэлтэй хүүхдүүд нь санал хүсэлтээ илэрхийлж байна. Хэрвээ бүр олуулаа болвол Засгийн газар хоорондын гэрээгээр очих талаар судалж байна.

-Одоогоор урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна?

-Маскаа тогтмол зүүж, гараа ариутган, хувийн ариун цэвэрдээ анхаарч байна. Мөн олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг хичээж байна.

Хурдацтайгаар тархаж буй уг вирусийн улмаас дэлхий даяар бэлэн байдал зарлаж, ихэнх улс орнууд БНХАУ-аас ирэх болон явах нислэгийг түр хугацаагаар цуцлаад байна. Харин манай улс өндөр эрсдэлтэй орнын тоонд багтаж буй учраас гамшгийн бэлэн байдал зарлан, Монгол-БНХАУ руу орох гарах хилээ түр хугацаагаар бүрэн хаах шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч олон нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо ирж чадахгүй байгаа олон монгол иргэд байсаар байна.