А.Амбасэлмаа: Ил задгай хаясан нус, цэр, шүлсээр амьсгалын замын бүхий л өвчин халдах эрсдэлтэй

А.Амбасэлмаа: Ил задгай хаясан нус, цэр, шүлсээр амьсгалын замын бүхий л өвчин халдах эрсдэлтэй

Нус, цэр, шүлс...Таагүй сонсогдож байгаа ч та бидний өдөр тутамдаа таардаг зүйл. Соёлжсон оронд хэн ч хийдэггүй үйлдэл, гэвч манайд шүлс, нус, цэрээ гудамж талбайд ил задгай хаясан хүнд зуршил, харсан хүнд дасал болсоор удлаа. Харин шинэ төрлийн коронавирусийн өвчлөлөөс сэргийлэх үүднээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч /2020.02.06/ “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан иргэнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” заалтийг Зөрчлийн тухай хуульд оруулах шийдвэр гарсан /тус  заалт 2017 онд анх гарсан байдаг/.

Гудамж талбайд хаясан шүлс, нус цэр хөрсөнд шингэж олон төрлийн халдварт өвчин үүсгэх эрсдэлийг бий болгодог. Бид энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулсан юм.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

-АМЬСГАЛЫН ЗАМААР ХАЛДДАГ СҮРЬЕЭ, ХАНИАД ТОМУУ, КОРОНАВИРУСИЙН
ХАЛДВАР ХҮРТЭЛ ШҮЛСЭЭР ДАМЖИН ХАЛДАХ ЭРСДЭЛТЭЙ-

-Ил задгай хаясан нус, цэр, шүлснээс ямар төрлийн өвчлөл халдах эрсдэлтэй байдаг вэ?

-Аливаа халдварт өвчлөлийг үүсгэгч  нь биологийн шингэнээс ялгардаг. Тиймээс ямар ч халдварт өвчлөл үүсгэхийг үгүйсгэхгүй.  Нянгаар үүсгэгддэг ямар ч өвчин халдаж болно. Тухайлбал амьсгалын замаар халддаг сүрьеэ, ханиад томуу, одоо дэлхийн олон оронд гараад буй коронавирусийн халдвар хүртэл халдах эрсдэлтэй.

-Тэгвэл иргэдийн зүгээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

-Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн хамгаалалт бол амны хаалт зүүх, мөн гадуур явж ирээд гараа сайтар угаах байдаг. Мөн аж ахуй нэгжүүд гадна талбай орчноо цэвэр байлгах нь чухал. Нөгөө талаас иргэдийн ухамсартай холбоотой зүйл шүү дээ. Цэвэр цэмцгэр орчинд амьдарч, аж төрөхийг хүсвэл ухамсартай л байх хэрэгтэй.

-Хавар цас, мөс хайлж эхлэхэд хөрсний бохирдол ихэсдэг. Иргэд хавар ч амны хаалт зүүх шаардлагатай юу?

-Тийм. Хаврын улиралд ханиад томуу, халдварт өвчин ихэсдэг нь үүнтэй холбоотой. Ил задгай хаясан нус, шүлснээс эхлээд, бохир ус, зориулалтын бус жорлонгоос халвдарт өвчин үүсэх эрсдэл ихэсдэг. Тиймээс амны хаалтыг хавар ч зүүх хэрэгтэй.

-СҮҮЛИЙН ҮЕД ХҮМҮҮС МАСК ИХ ЗҮҮХ БОЛСНООР ИЛ ЗАДГАЙ ШҮЛС,
НУС ЦЭРЭЭ ХАЯХ НЬ МЭДЭГДЭХҮЙЦ БАГАССАН-

Бид Нийслэлийн Хот тохижилтын газрын ажилчдаас энэхүү захирамж хэрэгжиж эхэлснээс хойш ил задгай шүлс, нус цэрээ хаях тохиодол багассан эсэхийг асуухад ихэнх ажилтан “Ялангуяа иргэдийн тамхи ихээр татдаг цэгүүдэд энэ үйлдэл их ажиглагддаг. Хотын төвөөр шүлсээ хаядаг хүн цөөн байдаг. Харин автобусны буудал, зах орчмоор их байдаг. Сүүлийн үед хүмүүс маск их зүүх болсноор ил задгай шүлс, нус цэрээ хаях нь мэдэгдэхүйц багассан” гэж байлаа.

Мөн ЦЕГ-аас энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд захирамж гарснаас хойш 200 иргэнд торгууль ногдуулж ажилласан байна. Хуулийн хэрэгжилтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар давхар хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Таны ил задгай хаясан шүлс, нус, цэрээр бохирдсон орчинд хүүхэд тань , эсвэл дүү тань тоглохыг та хүсэхгүй нь лав биз ээ. Тиймээс эрсдэлээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалж эрүүл орчинг бүтээх нь иргэн бүрд хамаатай гэдгийг сануулъя.