ЭМЯ: Агаар дуслын зам нь коронавирус халдварлах гол зам болж байна

ЭМЯ: Агаар дуслын зам нь коронавирус халдварлах гол зам болж байна

Шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 71,269, нас баралт 1,773 байна. Хоёрдугаар сарын 13-наас эхлэн эмнэл зүйн шинж тэмдгээр батлагдсан тохиолдлыг давхар бүртгэж эхэлсэн. Ингэснээр өвчтнүүд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр томограф ба эмнэл зүйн шинж тэмдгээсээ хамааран эмчилгээг түргэн эхлүүлэх боломжтой болоод байна.

Агаар дуслын зам нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтний ар гэрийнхэнд шинэ коронавирус халдварлах гол зам хэвээр байгаа. Найман судлаачийн хийсэн судалгаагаар ковид-19-ийн нууц үе нь 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон.

ӨРХ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НИЙТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 60 ХУВИЙГ ГЭРЭЭР НЬ ОЧИЖ ҮЗҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЖ БАЙНА

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: Ковид-19 халдвараас урьчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэх бодисыг нөөцлөх, ард иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх, нийтийн тээврийн хэрэгслүүдэд мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг байрлуулж, ариутгал хийж байна.

БЗД, Чингэлтэй, СХД зэрэг дүүргийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн хоёр машиныг шаардлагатай зүйлсээр тоноглон бэлэн байдалд байлгаж байгаа. Мөн иргэдэд аль болох утсаар зөвлөгөөг авах, олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байхыг зөвлөе.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар руу нэвтрэх найман пост дээр хяналтын баг ажиллаж байна.Үүний зорилго нь иргэдэд мэдээлэл, шаардлагатай зөвлөмж хүргэх бөгөөд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх юм.

УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 465 БАЙГУУЛЛАГЫН ЦАГААН САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН

Хоёрдугаар сарын 7-16-нд нийслэл рүү 39,170 тээврийн хэрэгслээр 119,665 зорчигч хяналт тандалтад хамрагдсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр энэ хугацаанд 115 галт тэргээр 32,532 зорчигч, 178 онгоцоор 15,243 зорчигч Улаанбаатар хотод нэвтэрсэн. Сэжигтэй тохиолдлуудыг цаг тухайд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Одоогоор ноцтой тохиолдол илрээгүй бөгөөд шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй байна.

Мөн энэ үед иргэдийн оролцоо, ухамсар нэн чухал байгааг яамныхан онцоллоо.