ЭТТ: 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг олгоно

ЭТТ: 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг олгоно

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна.

Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ 2020 оны тавдугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.

Мөн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЭТТ нэгдсэн бүртгэлийн аллликейшнийг танилцууллаа. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжгой болох юм байна.

Энэ тухай мэдээллийг компанийн вэб сайт, пэйж хуудас, Эрдэнэс-тавантолгой апликейшн пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл даваа гараг бүрийн 13.00 цагт ЭТТ ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх юм байна.