Хууль зүйн байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа

Хууль зүйн байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоог хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд дуусгавар болсон юм. Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилдог бөгөөд Д.Ганзоригийг 2013 оны дөрөвдүгээр сарын 25-нд томилж байлаа.

Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болдог байсан ч 2016 онд хуульд нь өөрчлөлт оруулж энэ тухай заалтыг хүчингүй болгосон юм. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгон УИХ-аар томилуулдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Ганзориг гишүүнийг УИХ-аас санал болгон томилуулсан юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилуулахаар нэр дэвшүүлсэн юм.

УИХ-ын даргын саналыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ.

Мөн Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. Энэ асуудлыг үдээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд хүлээж авахаас татгалзсан юм. 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй тохиолдолд Цэц Их суудлаа хуралдуулан энэ асуудлаар эцсийн шийдвэрээ гаргадаг хуулийн зохицуулалттай.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө