Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзав

Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар хоёр тохиолдолд Засгийн газар давуу эрх эдэлж шүүхэд дуудагдахгүй байхаар болсон юм.

Нэгдүгээрт, батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаадын бодлогын үндсийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газрын шийдвэр, хоёрдугаарт, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй улс төрийн шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн өөрчлөлт уг хуульд орсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг эсэргүүцэн бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь хүлээж авахаас татгалзлаа. Харин Н.Оюундарь гишүүн ганцаараа хүлээн авахыг дэмжиж кнопоо дарсан юм.