Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх бонд гаргах нүсэр ажлыг амжилттай дуусгалаа

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх бонд гаргах нүсэр ажлыг амжилттай дуусгалаа

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой болон Салхитын мөнгөний ордын асуудлаар арилжааны банкуудын төлөөлөл, "Эрдэнэс Монгол" компанийн удирдлагуудтай уулзалт хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөгжлийн банк, Монголбанк, "Эрдэнэс силвер ресурс", Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, арилжааны банкууд хамтраад тэтгэврийн зээл тэглэх бонд гаргах нүсэр ажлыг дуусгаж байна. Энэ бол 418 мянган харилцагчтай холбоотой нүсэр ажил. Хууль зүйн талаасаа ч, санхүү эдийн засгийн талаасаа ч маш их тооцоо судалгаа, яриа хэлэлцээр шаардсан, олон тал оролцсон нүсэр ажил. Банкууд гурван сая хадгаламж эзэмшигчдийн нэрийн өмнөөс, Монголбанк эдийн засгийн тогтвортой байдал, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тэтгэвэр авагчдын эрх ашгийн үүднээс олон эрх ашгийн уулзвар дээр энэ ажлыг шийдэж байгаа учраас нэлээд нүсэр ажлыг амжилттай зохион байгууллаа. "Эрдэнэс силвер ресурс" компани ТЭЗҮ-ээ батлуулаад, Хөгжлийн банк баталгаа гаргасан, Эрдэнэс Монгол компани зохион байгуулах хууль эрх зүйн бүх ажлын хэрэгжүүллээ. Нөгөө талаас арилжааны банкуудыг хохироож болохгүй. Алдагдалтай хэлцэл хийж болохгүй. Аль аль талаасаа олон эрх ашгийн дунд энэ асуудал амжилттай шийдвэрлэгдэж байна. Цагаан сарын өмнө энэ асуудлыг дуусгаж байна.  Өнөөдөр бонд гарсан. Деталь асуудал дээр арилжааны банкуудтайгаа тохирч байна. Цагаан сарын өмнө бүх ажил явагдана. Тэтгэврийн зээлийн дундаж хүү 16.7 хувь байсан. Үүнийг зургаан хувийн хүүтэй бондоор сольж байгаа учраас хүүгийн зөрүү гарч байна гэсэн асуудал яригдаж байгаа. Банкуудын хувьд энэ ашигтай шийдэл биш.  Гэхдээ нийгмийн хариуцлагын үүднээс арилжааны банкууд хандаж байгаад баяртай байна. ажлын хэсгүүд хурдтай, хариуцлагатай ажилласанд талархал илэрхийлье" гэлээ. 

Монголбанкгы Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Зургаан сая хүртэл төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсан. Банкны системийн зээлийн багцад тэтгэврийн зээл багагүй хувийг эзэлдэг. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Монголбанк энэ асуудалд оролцож, хүндрэлтэй биш замаар шийдэх зохицуулалт хийж байгаа.

Хаан банкны төлөөлөл: Нэгдүгээр сард суутган авсан байсан тэтгэврийн зээлийг тухайн сардаа багтаан тэтгэвэр авагчийн дансанд шилжүүлсэн. Хаан банк 540 орчим салбарт 2.4 сая хадгаламж эзэмшигчтэй. Манай банкны хувьд орон нутгийн бүх салбар нэгж болон нийслэлийн зарим салбар, нэгжээр дамжуулан нийт тэтгэвэр авагчийн 62 орчим хувьд нь тэтгэвэр олгодог.

"Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү: “Эрдэнэс Монгол” компани 100 хувь төрийн мэдлийнх. “Эрдэнэс” бонд буюу үнэт цаас маань гарсан. Одоо арилжааны банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Ойрын хугацаанд бонд арилжах гэрээг банкуудтай байгуулна.