ЭМЯ: Сэжигтэй таван тохиолдлын хариу сөрөг гарлаа

ЭМЯ: Сэжигтэй таван тохиолдлын хариу сөрөг гарлаа

Шинэ коронавирусийн халдварын сэжигтэй таван тохиолдлын хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр "Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэнийг тусгаарлаж шинжилгээ авсан бөгөөд таван хариу сөрөг/халдваргүй/ гарсан. Өчигдөр буюу 18-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдэгүй. Өнөөдрийн байдлаар тусгаарласан сэжигтэй тохиолдол алга байна" гэдгийг хэллээ.

"Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа"

Мөн лаборатори, оношлуурын талаар ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн А.Баярзаяа "ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мэргэжлийн боловсон хүчин ч хангалттай байдаг.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лаборатори болохынхоо хувьд Японы халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан.

Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа. Энэ оношлуурыг ДЭМБ-ын лавлагаа таван лабораторийн нэг болох Токиогийн лавлагаа лабораториос хүлээн авч, шинжилгээний дүнгээ Япон руу илгээн баталгаажуулж байна. Ер нь бол ХӨСҮТ-ийн лаборатори Япон улсынхтай яг адил тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хэрэглэж байгаа" хэмээн хэллээ.