Сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй

Сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй

Засгийн газрын хуралдаанаар хорио цээрийн хугацааг сунгаж их дээд сургууль, ЕБС болон цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-нд болгож сунгасан. Үүнтэй холбоотойгоор боловсролын салбарт ямар зохицуулалт хийх талаар БСШУСЯ-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө.

Тэрээр "Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн шалгалтын хугацааг хойшлуулахгүй. Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд найман долоо хоногийн турш буюу хоёр сарын хугацаанд Даваа-Бямба гарагт хичээлүүлнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын долоон хоногийг хичээлийн хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна" гэлээ.

Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчид зургадугаар сарын 01-ний өдрөөс, VI-XII ангийн сурагчид зургадугаар сарын 8-наас эхлэн амрах юм байна. Харин элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөсөн байна.