Урт цагааны түрээслэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгджээ

Урт цагааны түрээслэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгджээ

 Уртцагааныг хувьчлуулахаар түрээслэгчид нь удаа дараа шаардлага, хүсэлтийг төр, засгийн бүхий л шатанд хүргэж байсан ч  ямар нэгэн хариу өгөөгүй цаашилбал түрээслэгч нарыг байрнаас нь хөөн гаргаж, барилгыг нь нураах шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаа аж.

Иймд Уртцагааны 800 гаруй түрээслэгч нар дөнгөж сая хуралдаж, хувьчлалын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хатуухан тэмцлийг эхлүүлэх шийдвэрт хүрчээ.  Тэд төрийн гурван өндөрлөгт хатуу шаардлага хүргүүлэхээр болжээ. Мөн  Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах тэмцлийг эхлүүлэх юм байна. Хэрвээ тэдний шаардлагад тодорхой хариу өгөхгүй бол НЗДТГ-ын өмнө жагсаал, цуглаан, улмаар өлсгөлөн зарлаж, тэмцлийн бүхий л хатуу хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдлээ.  

Уртцагаан үйлчилгээний төв нь анх 1962 онд хувийн хоршоологчдын хөрөнгөөр барьсан анхны  хувийн өмч аж. Энэхүү барилгыг  өдгөө 800 гаруй түрээслэгч түрээслэн, ахуйн үйлчилгээний үйлчилгээг хүргэж байна. Гадна, дотно завсар, үйлчилгээг түрээслэгч нар өөрсдийн хөрөнгөөр хийх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч  НЗДТГ-аас хориглосоор байдаг аж. Улмаар  албаар өнгө зүсийг нь  доройтуулж, ашиглалтын чанар муудсан гэх үл ялих шалтгаанаар нураахыг МАН эрх барьж байх хугацаандаа үеийн үед санаархаж байсан. Харин барилгын чанар, үзүүлэлтийн талаар мэргэжлийн хүмүүс хамгийн сайн чанартай төдийгүй актлах шаардлагагүй гэж үздэг байна. Мөн Уртцагааны барилга нь манай улсын архитектурын өнгө төрхийг тусгасан, үнэт дурсгал тул Азийн архитектурын үнэт өвийн жагсаалтад 2015 онд  орсон барилга гэж түрээслэгчид хэллээ.